ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хүүхдийн бэлгээ хэмнэдэг төрийнхөн нэг дуучинд зориулан шинээр чуулга нээжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-05-26

Төрийн байгууллага, Засгийн газрын агентлагууд улсын алдар цолтой бөхчүүдийг албан тушаалд томилж, цалинжуулж бүр цол хэргэм өгдөг буруу жишиг нэг хэсэг тогтоод байлаа.

Насаараа цэргийн салбарт ажилласан эрхэм Дэд хурандаа цол аваагүй байхад найраа хийж хоёр түрүүлсэн аварга, арслангууд тэр цолыг нь зүүчихээд, болоогүй бас дарга даамлын алба хашиж, өндөр цалин авч байсныг Хуульзүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин анх хөндөж, хурандаа нарынхаа уурыг хүргэж байв.

Тэгвэл энэ асуудлыг хуульчилж шийдсэнээр цэргийн цолыг бөхчүүдэд олгохоос татгалзаж, үнэгүй хангамж, цалин олгохыг ч болиулсан юм. Тэгвэл энэ элийрэл одоо урлагийнхан руу хэлбийж эхлэв. СУИС-ийн ромбо, дипломтой, хэдэн уран бүтээл гаргасан, өөрийгөө од хэмээн нэрийдсэн хүмүүс төрийн алба руу шургалж, өнөөх л том цол хэргэмийг зүгээр шахуу зүүх боллоо.

Тэдний нэг нь ШШГЕГ-ын харьяа “Соёмбо “чуулгын даргаар томилогдсон дуучин A cool буюу Б.Анхбаяр. Хэсэгтээ хүүхдийн элч дуучин хэмээн өөрийгөө нэрлэж явсан дуучин залуу ШШГЕГ-ын дарга Д.Загджавын хаялгаар цар тахлын хүнд хэцүү цаг, төрийн хэмнэлтийг үл тоон шинэ чуулга нээлгэж, 20 бүжигчинтэй болсон бөгөөд тэдгээр бүжигчид нь бүгд 14 хоног сураад л офицер цолтой болох аж.

Тухайн чуулга нь хорих ангиудад ял эдэлж байгаа хүмүүжигчдийг соён гэгээрүүлэх гэнэ лээ. Б.Анхбаяр ч өөрөө офицерын курст суралцаж, бүр хошууч цолтойгоор энэ албан тушаалыг авчээ. Насаараа энэ салбарт ажилласан олон хүний хөдөлмөр бүтээлийг үнэгүйдүүлсэн энэ балайрлыг хэрхэх вэ. Төрийн байгууллагууд нь хэвлэлийн зардлаа хасаж, хүүхдийн баярын бэлэгнээсээ хүртэл хэмнэлт хийж төсвийн үргүй зардлаа танаж байхад нэг дуучныг албан тушаалд суулгахын тулд шинээр чуулга хүртэл нээж өгөн "эрхлүүлж" буй ШШГЕГ-ын дарга Д.Загджавд ямар хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа.