ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үерийн улмаас төмөр замын гүүрэн гарц нурах шахжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-11

Төмөр замын Номт-Шаргын овоо өртөө зөрлөгийн хооронд өчигдөр /2018.08.10/ орой 17 цагийн үед 1 цаг орчим үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Номт-Цагаан хадын хоорондын замын 1011 км-т байдаг төмөр замын гүүр үерт автжээ. Улмаар  тулгуур дам нуруу нь 40 см доош сууж, нурж болзошгүй аюултай байдал үүссэнийг замчид шуурхай илрүүлж төмөр замын хөдөлгөөнийг 19 цаг 13 минутад түр хаасан байна. 

Үерийн ус төмөр замын гүүрийг давж урсан замын чигжээс чулууг урсган зайлуулж, замын суурь бүтцэд багагүй хэмжээний хохирол учруулсан аж.   Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Замын Үүд-Улаанбаатарын чиглэлд аялж байсан 1345 зорчигчтой 275-р галт тэргийг 20 цаг 26 минутад Цагаанхад зөрлөгт төмөр замын хөдөлгөөнийг нээтэл түр зогсоож саатуулжээ. 

Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн аюултай нөхцөл байдлыг арилгах, төмөр замын хөдөлгөөнийг саадгүй хэвийн үргэлжлүүлэх арга хэмжээг УБТЗ-ын удирдлага яаралтай авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан байна.  Гүүрийг сэргээн засварлах ажилд 150 шахам төмөр замчид оролцож шөнөжин ажиллажээ. Одоогоор төмөр замын хөдөлгөөнийг яаралтай хэвийн үргэлжлүүлэх үүднээс эхний ээлжинд гүүрийн дам нуруунд түр зуурын бэхэлгээ хийгээд байна.

Ийнхүү гүүрийг хүчжүүлж бэхэлгээ хийж сайтар туршсаны дараа өнөөдөр /2018.08.11/ өглөөний 04 цаг 40 минутад төмөр замын хөдөлгөөнийг нээжээ. Уг гүүрийн дам нурууг яаралтай шинээр сольж, тулгуур баганыг бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх юм. Энэ ажлыг хийж гүүрийг бүрэн засварлаж дуустал суудлын болон ачааны галт тэрэг уг гүүрээр 5 км/цагийн хурдтай явж өнгөрөх захирамж гаргасан байна.