ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Жигжиднямаа өнөөдөр өргөдлөө өгчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-13

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр өгчээ. Тэрбээр Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286 дугаар  галт тэрэгний осол болон УБТЗ-аас нэг тэрбум төгрөг зувчуулсан хэрэгт сэжиглэгдэж  байгаа юм.

Мөн  Д.Жигжиднямаа 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авсан байна. Тэрбээр  Английн компаниар зуучлуулж, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй аж. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн ч үнэ тухайн үеийн ханшаар бол сая ам.доллар хүрэхгүй.

Гэтэл Английн компаниар дамжуулан нэг сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Тиймээс түүнийг  770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгаж байгаа гэнэ.