ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“УБТЗ”-ын даргад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хүнээ зүтгүүлж эхэлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-14

“УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа өргөдлөө өгсөн, өгөөгүй хэмээн хэвлэлээр мэдэгдэж байгаа ч үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхгүй байгаа шалтгаан нь тодорхой боллоо. Тэрбээр өөрийн орлогчоор ажиллаж буй, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Г.Ганболдыг өөрийнхөө оронд томилуулахаар зүтгүүлж байгаа аж. Түүнчлэн баттай эх сурвалжийн мэдээллээр  Г.Ганболдыг “УБТЗ” ХНН-ийн даргаар томилуулах ажилд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, тус байгууллагын даргаар ажиллаж байсан Т.Очирхүү нар голлон зүтгэж байгаа юм. Тэр ч бүү хэл Г.Ганболдыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд өчигдөр дагуулан орж, биечилж уулзуулсан гэх мэдээлэл байна.

Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Д.Жигжиднямаагийн ойрын хүнийг тойглох болсон шалтгаан ч учиртай. Учир нь түүний компани төмрийн хүдрийн ачаа тээвэрлэлтээ чөлөөтэй байлгахын тулд Д.Жигжиднямааг дарга болоход “гар бие” оролцон, намдаа ч багагүй хандив өргөсөн талаарх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. Б.Дэлгэрсайхан, Д.Жигжиднямаа, Т.Очирхүү  нарын  мөрөөдлийг үргэлжлүүлэх хүн Г.Ганболдоос өөр үгүй учраас ийнхүү арга саам хайж яваа бололтой.

Нөгөө талд Б.Дэлгэрсайхан, Д.Жигжиднямаа, Т.Очирхүү нарын мөрөөдлийн төлөвлөгөөг унагахаар УУХҮ-ийн дэд сайд асан Д.Загджавыг зүтгүүлж магадгүй гэсэн таамаг байгаа ч өмнө нь  “УБТЗ”-ын даргын суудлыг нэг сая ам.доллараар үнэлж байсан гэх мэдээлэл ч бий. Дашрамд хэлэхэд, Г.Ганболд нь Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл нарын 1000 вагоны “хэрэг”-т ч гол үүрэгтэй оролцсон гэх юм билээ.