ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Ван И сайдын айлчлалаар шийдэгдсэн 9 том асуудал

O.Admin
2022-08-08

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Б.Батцэцэг нарын сайдууд хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийг хийлээ. Энэ талаараа өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд мэдээлэл хийсэн юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ талаар мэдээлэхдээ “Миний бие эрхэмсэг ноён Ван И-тэй хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийг хоёр талын хүчин чармайлтаар өргөн хүрээнд өргөжүүлэхээр санал солилцлоо. Ван И сайдтай хоёр улсын хамтын ажиллагааны өнөөгийн чиг хандлагыг дүгнэж, дээд өндөр түвшний айлчлалын тоог хадгалах, эдийн засгийн болон бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Хятадын боомтын асуудлыг ярилцлаа.

Түүнчлэн, 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Цар тахал бүрэн арилаагүй, олон улсын харилцаа тогтворгүй энэ үед талууд харилцаагаа илүү өргөн хүрээнд бий болгож, хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Дэлхийн энх тайван, аюулгүй байдал хөгжил байгаль орчны асуудлаар Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга” зэрэг шинэ санал санаачилгыг Монгол Улс сайшаан дэмжиж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнд сэтгэл хангалуун байна” гэсэн юм.

Улмаар,

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх

-Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэж байсныг нэмэгдүүлэх

-Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцох

-Хятадын талд урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах

-Хангимандалын боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын саналыг нааштай хүлээн авч, дотоодын аж ахуйн нэгжүүдтэйгээ ярилцах

-Хятадын далайн боомтуудаас манай улсыг зорих галт тэрэгний тоог тогтворжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэгний солилцооны давтамжийг нэмэгдүүлэх, хүчин чадлыг нэмэхээс гадна дэлхийн жишигт нийцсэн болгож хөгжүүлэх

-Хоёр улсын төрийн тэргүүний ярилцсан байгаль орчныг хамгаалах чиглэлд дэмжлэг үзүүлж, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөл хамтран хэрэгжүүлэх

-Хятад улсад суралцаж байгаа монгол оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэх

-Иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулах гэсэн маш чухал асуудлуудаар хэлэлцээрт хүрчээ.