ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Мөнхбаатар: Хөшигийн хөндий рүү төр засгийн байгууллагуудыг нүүлгэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-08-10

Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахын тулд Хөшигийн хөндий рүү төр засгийн байгууллагуудыг нүүлгэх шийдвэр гарсан. Шийдвэрийг өнөөдрөөс албажуулж эрчимжүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ. 

Энэ Баасан гаригт Хөшигийн хөндийд онгоцны буудал тойрсон инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлэх талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээллээ. 

Тэрбээр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гол заалт нь дагуул хотуудыг шинээр байгуулж, төвлөрлийг сааруулах асуудал юм. 40 жилийн дараа бид шинэ хот байгуулах асуудлыг ярьж байна. Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан тухайн хөндийд байрлах "Шинэ Зуун мод", "Майдар" хотын төлөвлөгөөг авч үзээд шинэчлэн батлуулсан.

Цаашдаа энэ хөндийд ашиглалтад орох ажлын байртай холбогдуулан төлөвлөлтөө батлуулсан. Мөн инженерийн зураг төслөө батлууллаа. Усан сан хаана байх, цэвэрлэх байгууламжаа хэрхэн барих, үерийн далан усыг хаагуур явах зэрэг ажлын зургуудаа хийлээ. Инженерийн зураг төсөл, санхүүгээ батлахад 498 тэрбумын төсөв гарч ирсэн.

Улмаар, төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэх зэрэг асуудлыг шийдэж байна. Онгоцны буудлын урд байгаа таван усан худгаас цэвэр усны шугам сүлжээ хийх ажлаа эхэллээ. Мөн 110-ын цахилгааны шугам Зуунмодод хийгдэж байгаагаас 35 цахилгааны станцыг онгоцны буудал руу татах ажил эхэлсэн. Үерийн далангийн ажил ирэх баасан гарагаас эхэлнэ. Цаашдаа олон дагуул хот барих ажил ийнхүү эхэлж буйг дуулгахад таатай байна" гэлээ.