ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нөхөн сонгуулийн эргэн тойронд

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-08-14

Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш нийт долоон удаа УИХ-ын сонгууль явуулж байсан түүхтэй. Хамгийн сүүлд л гэхэд 2016 онд УИХ-ын сонгууль болж, өнөөгийн төрийн эрх барьж буй МАН парламентын 76 суудлаас 65 суудлыг нь авч үнэмлэхүй ялалт байгуулсныг та бүхэн тодхон санаж буй биз. Мөн тус сонгуулиар хамгийн залуу гишүүн болж парламентад орж ирсэн Д.Гантулга эрүүгийн хэрэгт холбогдсоноор өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөөд байгаа билээ. Ингэснээр түүний сонгогдсон 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль болох нь тодорхой болсон юм. Одоогоор 14 нам сонгуульд оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд байна. Мөн хуулийн хугацаагаар эдгээр намууд есдүгээр сарын 7-ны дотор нэр дэвшигчээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой юм. Мөн бие даан нэр дэвшигчид есдүгээр сарын 9-ний дотор бүртгүүлэх хүсэлтээ өгөх ёстой. Хэнтий аймгийн 42 дугаар тойрог нь Жаргалтхаан, Мөрөн сумд, Хэрлэн сумын зарим баг ордог аж. Энэ тойрогт 10 дугаар сарын 7-нд болох нөхөн сонгуулиар гал гарсан ширүүн тулаан болох нь тодорхой бөгөөд эрх барьж буй МАН өмнө нь авсан суудлаа алдахгүйг хичээх бол сөрөг хүчин АН 2020 онд сонгууль хэрхэн оролцохоо харуулах том боломж хэмээн сонгуульд оролцох бэлтгэлээ хангаж буй юм. Харин өөрсдийгөө улс төрийн гуравдагч хүчин хэмээн цоллодог МАХН энэ удаа олон жил сонгуулийн эрхээ хаалгуулсан, МУ-ын гуравдагч Ерөнхийлөгч, намын дарга Н.Энхбаярыг сойх бэлтгэлээ идэвхийлэн хийж байна. Энэ гурван намын хооронд гол өрсөлдөөн болно хэмээн улс төр судлаачид хэлж байна. Тиймээс Хэнтий аймагт өрнөх эл нөхөн сонгуулиар чамгүй олон нэр дэвшигчид УИХ-ын нэг суудлын төлөө өрсөлдөх бололтой.

Ер нь манай УИХ-ын сонгуулийн түүхэнд өмнө нь долоон удаа нөхөн сонгууль явагдаж байсан юм. 1992-1996 онд хэрэгжиж байсан хуулиар УИХ-ын гишүүний орон гарахад нөхөн сонгууль болдоггүй, үндсэн сонгуульд дараагийн санал авсан хүн шууд сонгогддог байв. Харин хууль өөрчлөгдсөнөөр хамгийн анхны нөхөн сонгууль 1997 онд Завханы 21 дүгээр тойрогт болжээ. Энэ тойргоос нэр дэвшин УИХ-д сууж байсан Н.Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон учир нөхөн сонгууль болсон хэрэг. Эл сонгуулиар тухайн үеийн МАХН-аас Н.Энхбаяр, МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвслээс Б.Цэнддоо, МАСН-МАН-ын Ардчилсан төр эвслээс А.Юндэндорж, МУНН-аас С.Самдандовжид нарын дөрвөн хүн нэр дэвшсэн юм. Нэрсийн жагсаалтад бичигдсэн 14,682 сонгогчийн 76,86 хувь санал хураалтад оролцож, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын төлөө 72,63 хувь нь санал өгчээ. Ийнхүү Н.Энхбаяр ногт ганзагалж очоод морь унаж ирсэн түүхтэй. Магадгүй энэ түүхийг харах юм бол 21 жилийн дараа болж буй нөхөн сонгуулиар ч МАХН-ын дарга Н.Энхбаяр дахин сонгогдохгүй гэх газар үгүй юм.

Дараагийн нөхөн сонгууль 1998 оны арванхоёрдугаар сарын 20-нд Дорнод аймгийн 17 дугаар тойрогт өрнөв. Өөрөөр хэлбэл ардчилсан хувьсгалын анхдагч С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөснөөс хоёр сар гаруйн дараа түүний сонгогдсон тойрогт болсон сонгууль юм. Тус сонгуулиар МНАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвслээс талийгаачийн дүү С.Оюуныг дэвшүүлсэн бол бусад намаас нэр дэвшүүлээгүй юм. Харин бие дааж Б.Цэдэн хэмээх иргэн дэвшин өрсөлдсөн билээ. Энэ сонгуулиар С.Оюун 83,60 хувийн санал авч ялалт байгуулсан билээ. Нөхөн сонгуулиар улс төрийн гараагаа эхэлсэн С.Оюун сүүлд ИЗН байгуулж, УИХ-д дөрвөнтөө сонгогдож, 2004 оны сонгуулиар Парламентад нам нь хоёр суудал авч, Засгийн газрын бүрэлдэхүүнд ч намын төлөөлөл нь ажиллаж байсан юм,

Парламентын засаглалд шилжсэнээс хойш гурав дахь нөхөн сонгууль 2001 онд болов. Учир нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг УИХ-ын гишүүнээр сонгогдоод нэг жилийн нүүр үзэлгүй нисдэг тэрэгний ослоор амь насаа алдав. Түүний сонгогдсон 22 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ш.Отгонбилэг агсны гэргий Д.Туяа өрсөлдөгчгүйгээр нэр дэвшиж, 92,29 хувийн саналаар УИХ-ын гишүүн болох мандат өвөртөлсөн юм. Түүнээс хойш 2004 онд хоёр дахин нэг удаа сонгогдсон бол 2008 онд тойргоо сольж, өөрийн төрсөн нутаг Дорноговьд нэр дэвшсэн ч парламентын босгыг давж чадаагүй. Харин хүү О.Содбилэг нь 2012, 2016 онуудад УИХ-д хоёронтоо сонгогдоод байна.

Дөрөв дэх удаагийн нөхөн сонгууль УИХ-ын гишүүн М.Зэнээ агсны сонгогдсон 36 дугаар тойрог буюу Төв аймагт өрнөсөн юм. Эл сонгууль 2002 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр болсон билээ. МАХН-аас С.Батболд, МАХН-аас Ж.Гомбожав, Ардчилсан холбоо эвслээс Д.Ганболд, Бие даан нэр дэвшигч З.Эрдэнэбилэг нар өрсөлдсөнөөс одоогийн хотын дарга С.Батболд ялалт байгуулж УИХ-ын гишүүн болж байсан удаатай.

Түүний дараа 2005 онд нөхөн сонгууль болж байсан юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул түүний сонгогдсон 65 дугаар тойрогт уг нөхөн сонгууль өрнөв. МАХН-аас М.Энхболд, АН-аас Д.Батбаяр, БНН-аас Д.Жаргалсайхан, МУНН-аас С.Хүрэлбаатар, Эх орон намаас И.Эрдэнэбаатар, АХ эвслээс А.Ганбаатар зэрэг хүмүүс өрсөлдөж, одоогийн УИХ-ын дарга М.Энхболд анх удаа УИХ-ын гишүүн болсон юм.

Зургаа дахь удаагийн нөхөн сонгууль 2006 онд болсон юм. УИХ-ын гишүүн О.Энхсайхан зуурдаар таалал төгссөн тул Хөвсгөл аймгийн 46 дугаар тойрогт тус сонгууль болсон билээ.

МАХН-аас Ө.Энхтүвшин, АН-аас О.Отгонсайхан, ИЗН-аас Ч.Базар, МУНН-аас Л.Тэмүүжин, ЭОН-аас П.Дэлгэржаргал, БНН-аас С.Баянманлай, АТН-аас Л.Дэлгэрдалай нар өрсөлдөж, Ө.Энхтүвшин ялалт байгуулснаар өндөрлөсөн юм.

Харин долоо дахь удаагийн нөхөн сонгууль 2009 онд болсон. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн болсон Ц.Элбэгдорж МУ-ын Ерөнхийлөгч болсноор Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрогт тус сонгууль болсон юм. Тус сонгуулиар МАХН-аас Д.Зоригт, АН-аас Р.Бурмаа, МУНН-аас Л.Жаргалсайхан, ЭЧХН-аас Ш.Төмөрсүх, Бие даагч Г.Уянга, С.Жавхлан, Д.Төмөрбаатар, Г.Арслан нар нэр дэвшин өрсөлдөж, Д.Зоригт сонгогдсоноор өндөрлөсөн юм.

Өнгөрсөн долоон удаагийн нөхөн сонгуулиар зургаан удаад нь одоогийн МАН-аас нэр дэвшигч ялалт байгуулж байсан бол нэг удаад нь АН-аас нэр дэвшигч ялалт байгуулж байсан аж. Харин ирэх 10 дугаар сард болох нөхөн сонгуульд аль намаас дэвшсэн нэр дэвшигчид ялахыг