ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: Диплом шалгалт хийх явцад дарамтлах, шалгалтыг зогсоох, хард диск алдагдах хэд хэдэн үйлдэл илэрсэн

O.Admin
2022-09-06

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, үүнтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрээр "Сургууль цэцэрлэг, багш удирдах ажилчдын боловсролын баримт бичигт хийсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн тайланг та бүхэнд танилцуулья. Өнгөрсөн нэгдүгээр сард Архангай аймгийн цэцэрлэгийн нэг багш хүүхэд зодож гэмтээсэн бөгөөд тухайн цэцэрлэгийн багш, эрхлэгч нь хуурамч дипломтой болох нь тогтоогдсон. Үүнээс улбаалан бид МХЕГ-тай хамтран зургаан сарын турш шалгалт хийсэн. Шалгалт хийх явцад ажлын хэсгийнхнийг дарамтлах, шалгалтын үйл ажиллагааг зогсоох хэд хэдэн үйлдэл илэрсэн. Тухайлбал, ажлын хэсгийн компьютерийн хард диск хоёр удаа алдагдсан. Мөн хуурамч байж магадгүй гэх 400 гаруй хуурамч дипломыг цаасаар баталгаажуулсан байсан ч алга болсон. Төрийн яамнаас алдагдсан.   

Боловсролын салбарт нийт 71 мянган диплом бий. Энэ бол манай салбарт нийт 51 мянга гаруй багш, сурган хүмүүжүүлэгч бий. Зарим багш хоёр дипломтой байхыг үгүйсгэхгүй. Эдгээрээс нийт 59 мянган дипломыг шалгасан. Үүнээс 442 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогдсон. Мөн 2000 бичиг баримт сэжигтэй байна. Зөрчлийн тухай дэлгэрүүлбэл, 

  • Дипломын дугаар давхардсан /Бусдын гарын үсэг дуурайсан, тамга буруу дарсан, бусдын овог, нэр ашигласан, регистрийн дугаар ашигласан/ зөрчил 454 байна.
  • Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил 139 
  • Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй зөрчил байна. Тодруулбал, элсэлтийн болон төгсөлтийн тушаалгүй хэр нь диплом бичсэн сургуулиуд байна.

Ийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн нь эрүүгийн хэрэг.  Тиймээс холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгнө. Цаашид зөрчилтэй диплом олгодог явдлыг таслан зогсооно. Энэ чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, 

  • Боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг нь мэдсээр байж ашигласан гэмт үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлэн, шалгуулах
  • Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээдийн улсад учруулсан хохирлыг нэхэмжлэх, түүнийг ажилд томилсон алба хаагчийг ажлаас нь чөлөөлөх
  • Өөрт олгогдоогүй, хүчингүй дугаар олгосон, архив бичиг хэргийн зааврыг зөрчсөн зэрэг дээд боловсролын сургалтын байгууллагад хугацаатай үүрэг даалгавар өгч, хариуцлага тооцох зэрэг хэд хэдэн арга хэмжээ авна.
  • Дипломын зөрчилтэй иргэдийн үйлдэл нь гэмт хэргийн шинж агуулаагүй нь тогтоогдсон тохиолдолд багшийн хүртээмжтэй уялдуулан, тухайн иргэдийг богино хугацааны сургалтад хамруулан, туслах багшаар ажиллах боломж олгоно" гэлээ.