ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, төрийн бүтээмжийг сайжруулна

O.Admin
2022-10-08

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ХБНГУ-ын Конрад Аденауэр сантай хамтран "Төрийн бүтээмж" сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Тус чуулганд яам, агентлаг болон нийслэл, аймаг, орон нутгийн төлөөлөл 120 гаруй хүн оролцож байна.

Чуулганы эхэнд ЗГХЭГ-ийн Тэргүүн дэд дарга Б.Ганбат төрийн захиргааны байгууллагын бүтээмжийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл танилцууллаа. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг чуулган өнөө жил төрийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагааны явц, үр дүнг хэлэлцэж, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх зорилго дэвшүүлжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн “Төрийн бүтээмжийн асуудал бол “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан нэг том зорилт. Нэн тэргүүнд төрийн хүнд суртлыг бууруулах, төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцийг оновчтой тодорхойлох шаардлагатай. Энэ хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд, төрийн байгууллагуудад чанарын менежментийг тогтолцоог нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Өнөөдрийн байдлаар 14 аймаг, найман суманд энэ стандартыг нэвтрүүлээд байна” гэлээ. 

Чуулган дээр Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх үйл явцын талаарх мэдээллийг өгсөн юм. Энэхүү менежментийн тогтолцоог хэрэгжүүлснээр Нийслэлийн ИТХ-ын төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага, төрийн байгууллагын менежментийн тогтолцоо сайжирч, ажлын давхардал, хийдэл арилж, байгууллага өмнөө тавьсан зорилго биелэх нөхцөл бүрдсэн гэж танилцуулсан юм. Хамгийн гол нь чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр байгууллагын ажил хүнээс бус процессоор удирдуулж, хэн нэгнээс хамааралгүйгээр хэвийн үргэлжлэх боломж бий болно хэмээн харж байгаа аж.