ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Долоон машин мөргөж, осол гаргасан машины эзэн нь Алдарт уяач байсан уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-10-18

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхонд энэ сарын 10-ны өдөр зам тээврийн ноцтой осол гарч 7220 улсын дугаартай цагаан өнгийн “Ланд круйзер 200” маркийн автомашин замын хашлага даван долоон автомашин мөргөж, улмаар замын хажуугаар явж байсан хоёр охиныг гэмтээсэн бөгөөд нэг охиныг замын хашлагатай хавсран чирсэн бичлэг цацагдаад байгаа.

 Осол гарснаас хойш охины биеийн байдал муу байгаа, хөлөө тайруулахаас өөр аргагүй болсон гэх мэт мэдээлэл цацагдсан ч хэргийг үйлдсэн этгээдүүд хэн байсан, яагаад ийм осол гаргасан шалтгаан нөхцөл тодорхой болохгүй байсан юм.

Тэгвэл өчигдөр уг хэргийн талаар Тээврийн цагдаа болон ЦЕГ-аас мэдээлэл хийв. Осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд нь 29 настай бүсгүй бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ. Мөн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эмийн шинжилгээг шээснээс авсан ч илрээгүй. Тухайн эмэгтэй нь жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа машин барьсан, мөн найз залуу Б гэгч нь архи уусан учраас машиныг нь барьсан хэмээн мэдүүлэг өгсөн гэх.

Энэ талаар хэвлэлийнхэн удтал эрэн сурвалжилсны эцэст 29 настай машин барьсан бүсгүй нь шүдний эмч мэргэжилтэй Ч.Маралмаа гэгч, харин машины эзэн Улсын алдарт уяач Г.Хадбаатар байсан гэх мэдээлэл цацагдсан бол уг машиныг согтуугаар удаа дараа барьж зөрчил гаргаж байсан этгээд нь н.Батсүх гэгч бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компанид хариуцлагатай албан тушаал эрхэлж байсан этгээд хэмээн мэдээлжээ. Цагдаагийн байгууллага уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд иргэдийн зүгээс согтуу этгээд осол гаргаад айсандаа хажууд явсан эмэгтэйд жолоо шилжүүлсэн байх гэх таамаг гаргаж байгаа. Тэгвэл машинд зөвхөн нэг эмэгтэй зорчиж явсан гэх гэрчийн мэдүүлэг байна.

Охины биеийн байдлын талаар сошиал орчинд болон сайтуудаар гарч буй худал мэдээлэлд ээж нь албан ёсоор хариулт өгсөн бөгөөд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Охины биеийн байдлын талаар ярихгүй. Худал мэдээлэл их гарч байна. Сошиалд яваад байгаа шиг хөл нь хугарсан гэх зүйл байхгүй. Би тэр өдрөөс хойш маш сонин байна” хэмээгээд илүү мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Бид энэ хэргийн талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.