ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Бауыржан дахин архи ууж, осолд орсон уу

O.Admin
2022-10-18

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас удаа дараа асуудалд холбогдож буй.

Тухайлбал, Засаг даргын албан тушаалд суухаас өмнө согтууруулах ундаа хэрэглэсний дараа гар буу гарган танхайрч байсан бол дараа нь мөн намынхаа гишүүнтэй муудалдаж, зодолдсон, аймгийн Засаг даргын албан тушаалд очсоны дараа Тагнуулын даргадаа агсам тавьж, зодож танхайрсан, Улаанбаатар хотод архидан согтуурч байхдаа эмэгтэй хүнийг зодсон гэх асуудалд нэр холбогдож байлаа.

Тэгвэл архины хамааралтай болсон ч албан тушаалтайгаа зууралдсаар буй эрхэм дарга энэ сарын 15-ны өдөр мөн л архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн “Ланд круйзер 200” автомашинтай явж байгаад замын хажуу руу унаж, осолд оржээ. Ослын улмаас эгэмдээ гэмтэл авч, эмнэлгийн тусламж авсан атлаа түүнийгээ нуухаар ихэд хичээж буй бололтой.

Тэрбээр, “Eguur.mn сайтад өгсөн тодруулгадаа “Машин гэмтлийн улмаас осолдсон. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Биеийн байдал хэвийн ажлаа хийж байна” хэмээжээ. Харин Баян-Өлгий аймгийн цагдаагийн байгууллага энэ хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа нь түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа машин жолоодсон гэх таамгийг баталгаажуулж буйг нуух юун. Удаа дараа архи хэрэглэж, төрийн албаны нэр хүндийг уландаа гишгэж буй энэ хүнд хэзээ хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа.