ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баян-Өлгий рүү цэрэг тээвэрлэж явсан машин осолдож, хоёр хүн гэмтжээ

O.Admin
2022-10-19

Хэнтий аймгаас Дорнод аймагт цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин осолдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл мөн аравдугаар сарын 17-ны өдөр Завхан аймгаас Баян-өлгий рүү цэрэг тээвэрлэж явсан автомашин замын хажуу руу орсны улмаас хоёр цэрэг гэмтэж, толгойндоо хөнгөн оёдол тавиулсан тухай Завхан аймгийн AIR1 телевиз мэдээлжээ.

Тодруулбал, 10 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед Завхан аймгаас Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр анги руу хөдөлсөн автомашины зүүн урд дугуйнд гэмтэл гарч замын хажуу руу оржээ. 

Тус осол Завхан аймгийн Ургамал сумын нутаг дэвсгэрт 19 цагийн үед гарсан бөгөөд 39 шинэ цэрэг тээвэрлэж явжээ. Завхан аймгаас эмч, цагдаа, холбогдох албаны хүмүүс газар дээр нь шуурхай ажиллаж цэргүүдийн эцэг эхчүүдтэй нэг бүрчлэн холбоо барьж мэдээлэл өгсөн байна. Одоогоор гэмтсэн хоёр цэргийн нэг нь албаа хаана гэж мэдүүлсэн аж.