ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Чойжилсүрэн: Амгалан цахилгаан станцын өргөтгөлийг ашиглалтад оруулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-11-22

Өвлийн ид хүйтний үед аж ахуйн нэгж, айл өрхийн дулааны чанарын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн  “Дулааны асуудал өвлийн оргил ачааллын үед сөхөгдөнө. Хэрэв гадна температур долоогоос дээш хоногийн хугацаанд 35 градусаас хүйтэн нөхцөл байдалтай хоновол тасалгаан дахь температур 23 градусаас гурваар буурч, 19-20 градус болох нөхцөл үүснэ. Учир нь Улаанбаатар хотын тухайд 2,366 Гкал/цагийн хүчин чадалтай, гэтэл холбочихсон байгаа хүчин чадал нь 3,000-ыг давсан учраас ямар ч нөөцгүй байгаа.

Мөн Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажлын шавыг өнгөрсөн зун тавьсан. Санхүүжилтийн гэрээг нь өнөөдөр одоогоор эцэслээгүй байна. Энэ долоо хоногийн сүүлээр санхүүжилтийн асуудлыг шийдэх бөгөөд үүний дараа ажлыг эхлүүлнэ. Гүйцэтгэгч нь шалгарсан тул энэ өвөлдөө багтаан бүх нарийн ажлын зургийг хийгээд ирэх хавар ажлыг эхлүүлнэ гэсэн үг. Ингээд 2024-2025 онд шилжих халаалтын улиралд Амгалан дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа” гэсэн юм.