ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: 38 хөрөнгө оруулагч гомдол гаргаснаас 32-ыг нь шийдвэрлэлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-11-23

Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан талаар Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Цагааннуур боомт нь AH4 босоо тэнхлэгийн автозамын дутууг гүйцээж бариад ашиглалтад оруулсан.

Ингэснээр БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн ачаа тээвэр эхэлсэн. Тиймээс байнгын ажиллагаатай болгож, тээвэр ложистикийн төв, гадаад дотоод худалдааны төв, үйлдвэрлэл барих бүрэн боломж байгаа. Европоос гарсан бараа Алтанбулагаар орж ирэх эсвэл Цагааннуураар орж ирэх замын тооцооллыг хийж үзэхээр Цагааннуураар орж ирэхэд 200 км татуу байгаа. Тэгэхээр цаг хугацаа, зардлын хэмнэлт гарах боломж бүрдэх юм. Манай яам чөлөөт бүсийн асуудлыг хариуцаж буйн хувьд нэгдсэн бодлого гаргаж явна” гэлээ.

Мөн энэ өдрийн хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулагч нарын гомдлыг хэлэлцжээ. Ч.Хүрэлбаатар сайдын хариуцаж буй яамны дор Гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдын хариуцсан агентлаг байгуулагдаж буй бөгөөд хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд шуурхайлан ажиллаж байна гэлээ.

Эдийн засагт олон төрлийн бизнес хөгжих ёстой. Зөвхөн өөрсдийн санхүүгийн эх үүсвэрээр хөгжих боломжгүй учраас хөрөнгө оруулагчдыг цаашдаа тууштай тэмцэхээ мэдэгдэв.

Гадаад харилцааны яам болон Эдийн засгийн хөгжлийн яаманд давхардсан тоогоор 38 аж ахуйн нэгжээс гомдол ирсэн бөгөөд 32-ыг нь шийдэж, зургаа нь яригдаад явж байгаа гэв. Ч.Хүрэлбаатар сайд хэлэхдээ “ХБНГУ-аас найман аж ахуйн нэгж, Канадаас дөрөв, Тайланд хоёр, Казахстанаас хоёр, Японоос гурав, Их Британи, Франц нэг, БНХАУ, БНСУ гурав, Австри хоёр, АНУ, Болгар, Швейцариас тус бүр нэг гомдол ирсэн.

Төрийн байгууллагуудтай хийсэн гэрээгээ хэрэгжүүлэхийг хүссэн найм, бүртгэлийн хоёр, төлбөр тооцооны дөрөв, тусгай зөвшөөрөл цуцалсан дөрөв, хяналт шалгалт хоёр, татварын маргаан хоёр, газрын маргаан нэг, хууль хүчний нэг, худалдаа үйлчилгээний дөрвөн гомдлыг тус тус хэлэлцэж, сайд нарт нь уламжилснаар зарим нь шийдэгдлээ.

Гадаадын хөрөнгө оруулагч нар оруулж ирсэн хөрөнгө оруулалтаа хамгаалуулах, амгалан байдлаар бизнес хийхийг хүсэж байгаа. Тиймээс Засгийн газар энэ бүх эрхийг нь хамгаалахын төлөө явна аа. Монгол Улсад хөрөнгөө оруул. Айх зүйлгүй. Та бүхний эрх ашгийг хамгаалж явна гэдгийг нийтэд сурталчилна. Гадаад, дотоод гэлтгүй бүх асуудлыг судлаж, хуулийн хүрээнд шийдэж явдаг болно. Хөрөнгө оруулагч бол эдийн засгийн хөдөлгөгч хүч юм” хэмээлээ.