ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН бүлэг: Газрын тухай хуулиар тав хоногийн завсарлага авлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-11-25

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж,  С.Ганбаатар гишүүн үг хэлсэн билээ. Тэрбээр “Газрын тухай хууль бол Монгол Улсын Үндсэн хуулийн дараа орох тусгаар тогтнолтой шууд холбогдох чухал хууль. Өнгөрсөн 30 жил газар яаж зардаг вэ, яаж дамуурч болох вэ гэдгийг харуулсан.  Энэ дампуурлыг засах, өөрчлөх боломж бий. Бүх гишүүн хуулийн төсөлд онцгой анхаарч, ач холбогдол өгмөөр байна.  Энэ хуультай хамт өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оуруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгээс хойшлуулж өгөхийг хүсч байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх ёстой асуудал” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Газрын тухай багц хуульд анхаарч, хэлэлцэх ёстой зүйл заалтууд байна. УИХ-ын АН-ын бүлгээс хуультай холбоотой мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох, мэдээлэл авах, судлах зайлшгүй шаардлага бий боллоо. Манай бүлгийн зүгээс Газрын тухай багц хуультай холбоотой тав хоногийн завсарлага авах санал гаргасан” бөгөөд УИХ-ын дэд дарга УИХ дахь АН-ын бүлгийн саналыг дэмжлээ.