ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд МАН-ын бүлгийн гишүүдийг бүгд шалгуулаад нэг талдаа гар хэмээжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-12-19

Өнөөдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаан тунчиг ширүүн уур амьсгал дунд өрнөжээ. Тодруулбал, нүүрсний хулгайн асуудлаас үүдэн өнгөрөгч долоо хоногт МАН-ын бүлгийн дарга “Манай намд нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүн байхгүй” гээд хэлчихсэн байтал АТГ-аас нэр зарлахдаа МАН-ын 10 орчим улстөрчийг нэр цохож, тэр дундаа УИХ-ын гишүүнээр ажиллаж буй таван улстөрчийг олон нийтэд зарласан ч "бүдүүн бүлэг"-ийн өнөөдрийн хуралдаан халуухан болох шалтгаан болжээ.

Учир нь нэр дурдсан таван улстөрч биднийг золионд гаргаад, өөрсдөө нэр цэвэр үлдлээ, шалгуулах ёстой бол бүгд шалгуул хэмээн бухимдсан гэх.

Харин Ерөнхий сайд намын нөхдөдөө хандан “Хэнийг чинь ч энэ хэргээс хаацайлахгүй. Бүгд яваад шалгуул. Би хэнийг чинь ч хайцаалахгүй. Засгийн газрын гишүүд ч явж шалгуулах ёстой” хэмээн шахсан аж. Өөрөөр хэлбэл, эдгээр таван улстөрч үнэхээр л буруугүй юм бол АТГ-т шалгуулаад гараад ир, ахиад өөр шалгуулах хүн байгаа бол тэдний талаарх мэдээллээ өгөөд адилхан шалгуулцгаа хэмээгээд гарч оджээ.

Ерөнхий сайдын тухайд өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаан дээр ч хэнийг ч хамгаалж өмгөөлөхгүй, авлигачидтай нам гэж хуваагдаж талцахгүй тэмцэнэ хэмээсэн. Мөн өөрийнхөө танхимд буй Ч.Хүрэлбаатар тэргүүтэй сайд нарыг ч мөн асуудал байгаа бол шалгуулаад, гэм буруугүй бол түүнийгээ тогтоолго хэмээсэн нь хэвлэлээр ил болж байлаа.