ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар: Кибер халдлага, зөрчилтэй тэмцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-02-01

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ


Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмаар технологи дамжуулах төв, хамтын оффисын гишүүн гарааны компани болон инновацын төсөл хэрэгжүүлэгч программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна.
Энэ журам батлагдсанаар инновацын төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд адил тэгш боломжийг олгож, төслөө хэрэгжүүлэх тав хүртэлх жилийн хугацаанд Инновацын тухай хууль, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон бусад хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ.
Мөн түүнчлэн, инновацын дэд бүтэц болох технологи дамжуулах төв, хамтын оффисын үйл ажиллагаа идэвхжиж, эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэн, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болох юм.
 
            Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргална. Зөвлөлийн бүрэлдэхүүнд кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд шаардлагатай тохиолдолд кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг татан оролцуулна. Мөн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ажиллах журмыг баталлаа.