ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Ганхуяг: 340 мянган тонн нүүрс буюу 60 орчим тэрбум төгрөгийг “Эрдэнэс Таван толгой” компани нэхнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-05

- Хөдлөшгүй нотлох баримт байгаа учраас компанийг хохиролгүй болгох арга хэмжээ авна-

 

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг энэ удаагийн “Ярилцах танхим” буланд урьж ярилцлаа.

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьд энэ жил их ололттой байгаа. Олон жил ярьсан төсөл хөдөлж, эдийн засгийн эргэлтэд орохоор боллоо?

-Тийм ээ. Энэ он “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьд ач холбогдолтой байлаа. УИХ-аас Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэд бүтцийг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд гурван шийдвэр гарлаа. Тухайлбал, төрийн үйл ажиллагаатай холбоотой гацаж байсан хөрөнгө оруулагч нарын хувьд үл итгэлцсэн байдал ажиглагдсан. Төр нэг талдаа гарч шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагч болон төслийн хувьд таатай нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно. Энэ хүрээнд УИХ-аас тогтоол гарсны дараа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар бид хоёр мэдэгдэл  хийсэн. Үүнд IPO гаргах бэлтгэл ажлыг зохион байгуулна гэж амлалт өглөө. Нөөцийн нэгдсэн тайлангаа баталгаажуулна. Өнөөдрийг хүртэл Тавантолгойн орд хэсэгчилсэн хайгуул судалгааны ажил болоод нөөцийн нэмэлт хайгуул хийгээгүй байсан юм. Нөөцийн нэгдсэн тайлан, нэмэлт хайгуулын үр дүнгийн талаар өнгөрөгч долоо хоногт Эрдэс баялгийн мэргэжлийн  нэгдсэн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар баталгаажуулж гаргалаа. Энэ талаар хоёр аргачлал бий. Хуучин ОХУ-ын блокийн аргачлал байдаг. Нөгөө нь европ стандарт  буюу Австрали, Англи, Канадын  жорк аргачлал бий. Блокийн аргачлалаар 5.1 тэрбум тонн байсан нөөц 6.48 тэрбум тонн  болж нэмэгдсэн тайлан  гарсан. Нэмэгдсэн тайлангаар 5.1 тэрбум нь 7.3 тэрбум тонн боллоо. Энэ нь 2011 онд хийлгэсэн стандартаар ийм болсон гэсэн үг. 5.1 нь 6.3 болж байгаа тохиолдолд дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг “жорк” стандартаар 6.3 тэрбум тонн нөөцөөс илүү байна гэсэн үг. Компанийн нөөцийн болон ордын үнэлгээ энэ хэрээр өссөн үзүүлэлттэй байгаа.

-Нөөцийн үнэлгээг дахиж хийх үү. Учир нь Тавантолгойн ордын нөөц эцсийн байдлаар тогтоогдоогүй байгаа шүү дээ?

-Компани 2013, 2014, 2017, 2018 онд нэмэлт хайгуул хийж байна.  2017 онд 63 мянган тууш метрт нэмэлт хайгуул хийлээ. Энэ онд 68 мянган тууш метрт хайгуул хийж байна. Тавантолгой ордын найман тусгай зөвшөөрөл бүхий таван хэсэгт сая орчим тууш метрт хайгуул хийж байж, орд бүтнээрээ судлагдах юм. Бид 60 мянган тууш метрийг одоогоор хийчихээд байна. Цаашид богино хугацаанд хайгуулын ажлаа хийгээд явна. Ойрын дөрвөн жилд хайгуулын ажлаа хийж дуусгахаар ажиллаж байгаа.

-Цаашид нөөц нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Нүүрсний чанарын үзүүлэлт  улам тодорхой болно. Үүнээс үүдэн ямар төрлийн нөөцийг, ямар баяжмал болгож гаргах вэ гэдэг нь улам тодорхой болох юм.

-Хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ?

-Олон улсын хөрөнгө оруулагч нарын дунд асуух зүйл их байгаа юм билээ. Яагаад “Эрдэнэс Таван толгой” компанийг сонирхох ёстой юм бэ. Давуу байдал нь юу юм бэ гэж их асууж байна. Нэн тэргүүнд миний дээр хэлсэн нөөцийн асуудал. Тавантолгой бол хосгүй орд. Найман тэрбум тонн болон түүнээс дээш нөөцтэй нь тогтоогдсон тохиолдолд дэлхийд байгаа өндөр чанарын чулуун коксжих нүүрсний нэг номерын орд болж бүртгэгдэх юм. Одоогоор бид гуравт жагсаж байгаа. Дараа нь боловсон хүчний нөөц байгаа. 2011 онд үйл ажиллагаа эхэлж байх үед техник технологи,  хүнд машин механизм дээр ажилладаг ажилчин, уурхайчдын ур чадвар сайнгүй байсан. Харин одоо бол  дэлхийн аль ч өнцөг буланд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайд ажиллах чадварлаг боловсон хүчний нөөцтэй боллоо. IPO гаргах мэргэжлийн багтай болсон.  Дэлхийн аль ч хөрөнгийн бирж, банк санхүү болон хөрөнгө оруулагч нартай харилцах мэргэжлийн боловсон хүчинтэй болжээ. Улс төрийн хувьд  таатай нөхцөл бүрдлээ. Энэ гурван нөхцөл байдал компанийн үнэлгээг нэмэгдүүлэх эхний алхам гэж хэлж болно.

-Үйлдвэрлэлийн хувьд ямар байх вэ. Түүхий нүүрсний үнэ дэлхийн зах зээлд үнэлгээ бага байгаа. Баяжуулах үйлдвэрийн асуудал юу болсон бэ?

-Баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ –ийг гаргасан. Одоогоор 85 хувьтай байна. Усан хангамжийн ТЭЗҮ-г боловсруулж байгаа. Баруун болон Зүүн цанхийн ТЭЗҮ-г боловсруулж дууссан. Одоо батлуулахад бэлэн болсон.  Удахгүй хариуцагч компаниа сонгон шалгаруулна. Одоо нөөцөө жорк стандартад шилжүүлэх ажил хийнэ. Олон улсын тендер зарлагдсан. Энэ сард сонгон шалгаруулна. Ирэх  арваннэгдүгээр сар гэхэд жорк стандарт руу  бүрэн шилжсэн байна.

-Таны хэлсэн төслүүд хэзээ яаж эхлэх юм бэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Үндэсний хөрөнгө оруулалтын газар энэхүү төслүүдийг хэрэгжүүлнэ гэж сонссон. Гэхдээ дотоодын хөрөнгө оруулалтын нөөц боломж ямар байгаа вэ?

-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 279 сая ам.долларын хөрөнгө оруулалт өнөөдрийн байдлаар хийгдсэн. Засгийн газраас тогтоол гаргасан. Тогтоолд “Тавантолгой төмөр зам” компанийг байгуулсан. Компани байгуулагдаад анхан шатны үйл ажиллагаагаа явуулж байна. Ажлын хэсгийн хүрээнд “Эрдэнэс Таван толгой” ХК, “Монголын төмөр зам” компани хамтарч ажлын хэсэг байгуулсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар орж байгаа. Энэ ажлын хэсгийн хүрээнд 279 сая ам.долларын хөрөнгийг зарцуулсан. Зарцуулалтын төвшин ямар байна. Барьсан барилга байгууламж, суурь бүтэц нь ямар түвшинд байгааг шалгаад явж байгаа. Дараа нь хоёр дахь хөрөнгө оруулалтад хэдий хэмжээний санхүү шаардлагатай байгааг тодорхойлно. Ингээд “Эрдэнэс Таван толгой ХК” өөрийнхөө санхүүжилтээр хөрөнгө оруулалтыг хийх юм. Бид “Тавантолгой” ХК-ийн 34 хувийг эзэмшье гэж саналаа хүргүүлсэн. Зөвхөн хөрөнгөө хийгээд, хөнгөлттэй тарифаар үйлчлүүлдэг бус хувьцааг нь эзэмшээд тодорхой ашиг үр хүртдэг болохоор саналаа тавьчихсан байна.

-Төслүүдийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ бүх төслийг 100 хувь “Эрдэнэс Таван толгой” компани  өөрийнхөө санхүүжилтээр авч явах хэцүү шүү дээ. Ер нь 30-40 хувийг санхүүжүүлээд явах боломжтой. Хамгийн их анхаарал татаж байгаа төсөл “Тавантолгой-Ханбогд-Ханги” чиглэлийн чиглэлийн авто зам байгаа. Ингэснээр Хятадын өөр аймаг руу шинэ зам гарах юм. Дараа нь ОХУ-Чойр руу нүүрс тээвэрлээд ложистикийн компани руу гаргана. Ханги чиглэлийн зам концессын жагсаалтад орсон. Бид концессоос хасуулах саналаа тавьсан. Үүнийгээ “Эрдэнэс Таван толгой” компани өөрөө тодорхой хувийг санхүүжүүлж, хөрөнгө оруулагчдыг татаж, шинэ гарц нээх саналаа хэлсэн. Төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, Ханги-Мандлын авто замыг гаргасан тохиолдолд компанийн үнэлгээ 20-25 хувиар өсөх бодитой боломж гарч байна.

-IPO гаргахаар болсон. Хэдийд гаргах вэ, аль хөрөнгийн биржид байх уу гэдэг нь тодорхой бус байгаа шүү дээ. Энэ ажил хэдийгээр тодорхой болох вэ?

-Гадаад дотоодын хөрөнгийн биржид гаргах үүргийг Засгийн газар, УИХ-аас олгосон. Одоогоор гурван хөрөнгийн бирж судлагдаад явж байна. Лондон, Тронто, Хонгконг  гэсэн гурван хөрөнгийн бирж  байгаа. Хамгийн боломжтой нь Хонгконгийн хөрөнгийн бирж байна. Хонгконгийн хөрөнгийн биржид гарахад ямар шаардлага, стандарт, шалгуур байна. Тэр бүгдийг нэг бүрчлэн тавьж байгаа. Энэ бүхэн амаргүй ажил гэдгийг салбарын сайд хэлсэн. Ажлынхаа ард гарахын тулд цаг наргүй, амралтын өдөргүй зүтгэж байна. Хонгконгийн хөрөнгийн биржид гарахад бүрэн итгэлтэй байгаа. 2011, 2012 онд боловсон хүчний асуудал дутагдалтай байсан. Түүнчлэн одооны залуус дэлхийн банк санхүү, хоёр дахь хөрөнгийн салбарт мэргэшсэн байна. Чадалтай залуусаар бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ нь хоёр үе шаттай байна. Нийт 360 хоног өгсөн. 180 хоног нь эхний үе шат. Дараагийн үе шат нь мөн л 180 хоног байна. Эхний 180 хоног нь найман шаттай. Бид одоогоор тав дахь үе шатад  явж байна.

-Компани ашигтай ажиллаж байгаа учраас 2019 онд ноогдол ашиг тараана гэсэн. Энэ үнэн үү?

-Үүнд итгэлтэй байж болно. Компанийн цэвэр ашгийн хэмжээ бодитойгоор нэмэгдсэн. Энэ асуудалд маргалдах зүйл үгүй. Тиймээс 2018 оны аудитын тайлан гарна. Үүний дараа нэг хүнд хэдэн төгрөгийн хувьцаа, ноогдол ашиг хүртээх вэ гэдэг нь  тодорхой болно.

-Ноогдол ашиг IPO гаргахтай хамаагүй биз дээ?

-Хамааралгүй. 14.6 хувийг эзэмшиж байгаа 2.5 сая иргэний эрхийн асуудал.  Энэ сарын 26-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно. Хурлаар бид нээлттэй хувьцаат компани болох  юм. Одоогоор хаалттай ХК байгаа. Яагаад гэхээр бэлтгэл ажлаа хангах, материалжуулах, компанийн нээлттэй засаглалын асуудлыг шийдэх гэх мэт хэд хэдэн асуудал байсан. Үүнийгээ шийдээд нээлттэй хувьцаат компани болно. Хуралдаанаар дүрмэндээ өөрчлөлт оруулна. Хараат бус буюу Төлөөлөн удирдах зөвлөлөө бүрдүүлнэ.

-“Эрдэнэс Таван толгой” компаниас алга болсон нүүрсний асуудалд та хэрхэн анхаарал хандуулж байна вэ. Анх 268 мянган тонн гэж ярьж байсан бол одоо 340 мянган тонн болсон. Алдагдсан нүүрсний тоо улам нэмэгдэж байна?

-Бид мөнгөө олж авах болно. Албан ёсны тамгатай баталгаатай зүйл ирээгүй байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Л.Энхболдод зарим мэдээлэл очсон байна лээ. Урьдчилсан байдлаар мэдээлэл өгсөн. Хөдлөшгүй нотлох баримт байгаа учраас компанийг хохиролгүй болгох арга хэмжээ авна. Бид орон нутгийн “Тавантолгой” ХК-д мэдэгдэл хүргүүлнэ.

-Хэзээнээс эхлэлтэй хулгай вэ. Яагаад саяхныг хүртэл энэ талаар мэдээлэхгүй байсан юм бол. Үүний гол  шалтгаан юу вэ?

-2013-2016 онд болсон зүйл. Харин 2017-2018 онд нүүрс огт алга болоогүй. Алхам тутамдаа хяналт шалгалт тавиад ажиллаж байгаа. Хуучин бол хамтарч ажиллах гэрээ байгаагүй. Бид тэдний уурхайн онцгойн бүсэд нэвтэрч чаддаггүй байсан. Тэд манайх руу нэвтрэхдээ мөн адил мэдээлж чаддаггүй байсан юм. Үүнийг гэрээ байгуулснаар баталгаажуулж өгсөн. Одоо бол нүүрс алдагдах асуудал байхгүй. 340 мянган тонн нүүрс буюу 60 орчим тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК нэхэж, барагдуулах болно.

-Энэ асуудалд  холбоотой компаниуд гүтгэлэг гэж мэдэгдэл гаргаад байна. Төрийн өмчөөс хулгай хийсэн компаниудад ямар хуулийн хариуцлага оноох вэ?

-Ашигт малтмалын газар, Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх мэт дөрвөн байгууллага олж тогтоосон асуудал. Тиймээс энэ асуудалд маргах зүйлгүй. Төлбөрийг нь  барагдуулна. Энэ бүх баримтууд холбогдох газруудад ирсэн. Үүнээс бултах аргагүй. Эхний ээлжинд  яаралтай хохирлоо барагдуулна.

-Энэ талаар АТГ-т шалгуулахаар өгсөн ч одоо хэр нь хариу алга. Тиймээс улс төрийн оролцоотой юм биш үү гэж хардах хүн олон байна?

-Мэдэхгүй. Миний хувьд мөнгөө олж авах л асуудал байна. Түүнээс бусдыг нь мэдэхгүй юм. Үлдсэнийг нь хууль хяналтын байгууллага шийдэх байх.