ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Цогзолмаа: Цалин нэмэх шийдвэрийг ганцаараа гаргахгүй гэдгийг ойлгоно гэж найдъя

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-12

СӨБ болон ЕБС-ийн багш нар ажил хаяж, Төв талбайд суулт зарлаад байгаа билээ. Тэд цалингаа хамгийн багадаа 50 хувиар, цаашлаад 1.6 сая төгрөг хүргэх шаардлага тавиад байгаа. 100 гаруй сургуулийн багш ажилчид ажил хаялтад нэгдсэн хэмээж, үүний үр дүнд 100 мянган хүүхдийн  сурах эрх зөрчигдөж байгаа гэх албан бус тоо байна. Гэвч энэхүү жагсаал нь улс төрийн шинжтэй эсэргүүцэл болж, эцэст нь салбарын сайдын элдвийн зургийг эвлүүлж, гутаан доромжлох өнгө аястай болж эхэлсэн билээ. Тиймдээ ч БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ бүхэнд тайлбар хийжээ.

Тэрбээр, “Сайн байцгаана уу. Багш нарын цалин бага байгаа нь бодит үнэн боловч, заавал ажлаа хаяж ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийнхээ эрх ашгийг хохироох замыг сонгохгүйгээр ширээний ард зөвшилцөлд суух ёстой байх. Асуудлаа ул суурьтай, судалгаатай цогцоор нь ярьж шийдвэрлүүлэхийн төлөө миний бие ч цаг наргүй, чин сэтгэлээсээ бүхий л боломжоо дайчлан, доромжлол бүхнийг тэвчин ажиллаж байна.

Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй л нийгмийн сүлжээгээр дайруулж, доромжлуулж байна. Би өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсээр ирсэн, цаашдаа ч ухрахгүй хийх болно. Сайн багшийн гараас сайн шавь нар гарч, эх орондоо ихийг хийж бүтээх иргэдийг олноор нь төлөвшүүлэх нь боловсролын салбарын эрхэм зорилго. Дангаараа миний бие цалинг нэмэх шийдвэрийг гаргах боломжгүй гэдгийг олон нийт ойлгож хүлээж авна гэдэгт найдаж байна” хэмээжээ.

Б.Тогтох