ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: Үндсэн хууль бол монголчуудын хамтран амьдрах гэрээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-17

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа. Бид хот  төлөвлөлт болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх  гарц,  шийдлийн тухай ярилцсан юм.  
 
-Улаанбаатар хот  хүн амын хэт төвлөрлөөс болоод хөрс болон агаарын бохирдол, дуу чимээ, түгжрэл гэх мэт олон сөрөг зүйл иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна. Бидэнд ямар  нэгэн гарц,  шийдэл байна уу гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Улаанбаатар хотын нэгдүгээр ерөнхий төлөвлөгөөг 1954 онд баталсан байдаг. 1960 оны дундуур хоёрдугаар ерөнхий төлөвлөгөөг баталжээ. Харин 1970 –аад онд гуравдугаар төлөвлөгөөг  баталжээ. Энэ төлөвлөгөөгөөр Улаанбаатар 500 орчим мянган хүн амтай, 80 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй байхаар төлөвлөсөн байдаг. Энэхүү төлөвлөгөө 1990 оны сүүлчээс хэрэгжих боломжгүй болсон. Нийслэл 2013 онд долоо дахь удаагийн төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулсан юм. 2020 онд ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт дуусаж  байгаа. Долоо дахь удаагийн ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатарт дагуул хот, дэд төвүүдийг барих замаар төвлөрлийг сааруулж, агаар, хөрс, усны бохирдлыг бүрэн арилгаж, түгжрэлийг шийдвэрлэж, орчин үеийн метрополитан хот болно гэж зорилт тавьсан.

-Энэ төлөвлөгөө хэрэг­жих­гүй байгаагийн гол шалтгаан нь юу вэ. Нөгөө л улстөржилт, эрх мэдэлтэй холбоотой юу. Монголд юу л байна газар нутаг бий. 500 мянган хүн амьдрах жижиг хотуудыг хаана ч барьж болох шүү дээ. Хийе, бүтээе гэсэн сэтгэл байхгүй байна уу?

-Төлөвлөгөөг УИХ-аар бат­лаад таван жил болжээ. Дуусах хугацаа нь 2020 он  гэж байгаа. Энэ дунд хэрэгжиж эхэлсэн нэг ширхэг ч заалт байхгүй. Шалтгаан нь нэг, хоёр, гуравдугаар ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотын үндсэн дэд бүтцийг төлөвлөсөн. Үүнийг сүүлийн 20-иод жил чадлынхаа хэрээр зам, дэд бүтцийг өргөтгөх ажлыг хийлээ. Гэвч шилжин ирэх хөдөлгөөнийг дэд бүтэц нь даахаа больсон шүү дээ. Бид үнэнтэй эвлэрэх ёстой. 2012-2016 онд эрх барьж байсан нам Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх  мастер төлөвлөгөө боловсруулж ажилласан. Төслийн хүрээнд гэр хорооллын бүх өрхийг орон сууцжуулах зорилт тавьсан байдаг. Энэ нь хэрэгжих боломжгүй гэдгийг тухайн үед эрдэмтэд, инженерүүд нэгэн дуугаар хэлсэн юм. Хамгийн түрүүнд Улаанбаатар хотын усны нөөц бүх гэр хорооллыг орон сууцжуулбал дийлэхгүй. Ингэсэн тохиол­долд бүхэлдээ усгүй,  орхигд­сон  хотын эгнээнд орно гэдгийг сэрэмжлүүлсэн. Бид ч гэсэн баримттай ярих ёстой. Тухайлбал, 1980 оны дундуур ОХУ-ын эрдэмтэд Улаанбаатар хотын усны асуудлыг шийдвэрлэх том төлөвлөгөө гаргаж, ТЭЗҮ-г боловсруулсан байдаг. Түүний дараахан зах зээлийн хөдөлгөөн өрнөж, Оросуудын боловсруулж өгсөн, гадаргын усыг ашиглах ТЭЗҮ-г ашиглах боломжгүй болжээ. Оросуудын тооцсон газрын гүний ус 2000 оны дунд үе хүртэл хангана. Цаашид үүнээс их орон сууц барьж, хэрэглэгч нэмсэн тохиолдолд ус шавхагдана гэдгийг тоо­цоол­сон байдаг. Дахиж нөхөн сэр­гээгдэх боломжгүй гэж ус­ны эрдэмтэд үзэж байгаа юм.

-Бүх гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах боломжтой, дахин төлөв­лөлтөд хамруулна. Үүнийг ч гэсэн олон нийтийн зүгээс таатай хүлээж авч байгаа шүү дээ. Таны хэлснээр энэ ч бас улстөржилт үү?

-Бид 2013 онд “Шинэ нийслэл” ТББ –ыг байгуулаад, ус, цаг уур, хөрс, нийгмийн эрүүл мэнд, түүхийн чиглэлийн олон эрдэмтэдтэй уулзаж, хот төлөвлөлтийн талаар ярилцсан. Тухайн үед Улаанбаатар хотод үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлын талаар чадлаараа судалгааны ажил хийсэн юм. Энэ бол улстөржих асуудал биш. Бид одоо яах вэ гэдгээ ярих цаг ирээд байна. Дэлхийд олон хотууд усгүй болж, орхигдсон хотын тоонд орсон байдаг. Тэр хотууд зөвхөн түүхэнд үлддэг. Манайх шиг метрополитан хотын ангилалд орсон атлаа гүний усаар ундаалдаг газар дэлхийд цөөхөн. Бүх хотууд  усныхаа асуудлыг шийдэхээр гадаргын ус ашиглах, далан барих замаар шийдвэрлэж байна. Хэрэв 200 мянган гэр хорооллын айл өрхүүдийг бүгдийг нь орон сууцжуулсан тохиолдолд ус шавхагдана гэдэг энгийн тооцоог салбарын эрдэмтэд гаргасан байгаа. Тухайлбал, гэр хорооллын усны хэрэглээний нэг хүнд ноогдох нь хоногийн долоон литр байна. Орон сууцных 250 литр байгаа. Гэр хорооллын айл өрхүүд зөөврийн ус хэрэглэж байгаа тулдаа Улаанбаатар хотын усны нөөц бүрэн шавхагдахгүй, хэвийн хэмжээнд бариад явж байна гэсэн үг. Бид тулга тойрсон хэрүүлээ хийж,  бодлогын шинжтэй зүйлсийг огт ярьсангүй. Одоо хэрүүлээ больж, шийдлээ ярих цаг болсон. Ингээд энэ сэдвийг түр хаая. Хамгийн ноцтой зүйл нь агаар болоод хөрсний бохирдол байна шүү дээ.

-Агаарын бохирдол гэж олон жил ярьж, бичсээр байгаад сүүлдээ хэвийн үзэгдэл шиг хүлээж авах болжээ. Хор уршиг, сөрөг үр дагаврын талаар олон нийт мэддэг ч ажил, амьд­рал нь дөрвөн уулын дунд өрнөж байгаа болохоор яах ч арга алга?

-Агаарын бохирдол өнөөдөр ямар түвшинд хүрснийг захын хүнээс асуухад  хэлнэ. 200 гаруй мянган өрх түүхий нүүрс хэрэглэж байна. Мөн олон тооны цахилгаан станцууд түүхий нүүрс хэрэглэж байгаа. 400 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, агаарыг бохирдуулдаг. Улаанбаатар болоод ойр орчимд байгаа ногоон байгууламжууд хүчилтөрөгч ялгаруулдаг, биологийн шинж тэмдгээ алдсан гэдгийг НЭМХ-гийн судалгаагаар гаргасан. Нийт хүн амын 45 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Сүүлийн үед төрж байгаа хүүхдийн цээжний тойрог багассан гэдэг нь судалгаагаар гарсан байдаг. Монгол хүний удмын санд өөрчлөлт орж, мутацид  ороод явж байгаагийн бодит жишээ энэ. Хэчнээн айл өрхөд хүүхэд дутуу төрж байна вэ. Айл бүрт ийм зовлон нүүрлэж байгаа.  Манайд ч гэсэн  ийм зүйл тохиолдож байсан. Би ганц охин дүүтэй. Дүү минь хүүхэдтэй болох нь гээд гэр бүлээрээ бөөн баяр хөөр болсон.  Гэтэл таван сартай ураг нь гэдсэндээ амьгүй болсон байсан юм. Энэ бол миний амьдралд тохиолдсон нэг жишээ. Хамаатан, садан ойр тойрны хүмүүс дунд ийм зүйл зөндөө бий. Бид чимээгүй ирж байгаа үхлийг үл тоож, жижиг, сажиг зүйлд улстөржөөд байдаг. Энэ байдлаа зогсоож, жаахан ч атугаа алсын хараатай байж, бодлогын өөрчлөлт хийхгүй бол улс орны ирээдүй бүрхэг боллоо. Магадгүй хөрөнгө чинээтэй хүмүүс улс оронд гамшиг нүүрлээд ирэхэд хаяад нүүх  байх. Жирийн иргэд эндээ үлдэнэ. Ингээд ярихаар хэчнээн хүн намайг адлаж, шүүмжлэхийг би мэдэж байна. Намайг шүүмжлэх яах вэ. Гэхдээ Улаанбаатар хотод амьдарч байгаа шүү гэдгийг ойлгох ёстой.  Удахгүй хүйтний улирал эхэлнэ. Нөгөө л утаа униар эхэлнэ. Жилийн дөрвөн улиралд тоос тортгонд амьдарч байгааг анхаарах ёстой. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд бүгд санал нэгдэх хэрэгтэй.

-Өөрчлөлт шинэчлэлийг хүн бүр хүсэж байна. Хамгийн чухал нь гарц шийдэл нь юу вэ?

-Өөрчлөлтийг хийхийн тулд засаглалаа өөрчлөх ёстой. Өнөөдрийн тулга тойрсон дөрвөн жилийн хэрүүл дунд том бодлогын шийдвэр гарахгүй. Нэг нам нь нөгөөгөөрөө солигдоод ямар ч өөрчлөлт гарахгүй юм. Сонгууль бүрээр макро эдийн засгаа балласан аар саархан  амлалтуудаас ам­лал­тын хооронд амьдарч бай­гаа. Үүнд хүн бүр буруутай. Улстөрчдийн өгдөг амлалтуудаас маш цөөхөн зүйл үлдсэн.  Тухайлбал, бүх хүнд АНУ-ын виз даруулж, гэр бүлгүй хүнд хань ижил олж өгнө гэдэг амлалт л бараг үлдсэн байх. Улстөрчид бид ч  амлаж ханадаггүй. Сонгогчид амлалтад нь итгэж ханадаггүй байдлаар олон жилийг үдлээ. Үүний үр дүнд улс орноо хөгжүүлэх олон боломжийг бид алдлаа. Эдийн засгаа хөгжүүлж, том төслүүдээ хэрэгжүүлж байж, бусад зүйлийг хийх ёстой. 2010 оноос хойш нэг ч том төсөл суурьнаасаа  хөдлөөгүй. Энэ тогтолцооны өөрчлөлтөө сонгуульгүй жил ярих ёстой юм. Тэгэхгүй бол аюулын харанга хаалга тогшиж байна. Аюул хаалгаар ороод ирвэл боломжтой нэг нь гадагшаа явна. Бусад нь эндээ үлдэнэ. Дараагийн нэг том асуудал нь хөрсний бохирдол байна. Хамгийн аюултай нь хөрсний бохирдол гэдгийг ой тойндоо анхаарах ёстой.  Агаарын бохирдлын хөрсөнд шингээгүй хэсэг нь агаарт дэгддэг. Агаарын бохирдол замхардаг. Хөрсний бохирдол замхардаггүй гэдгийг нэгэн эрдэмтэн хэлж байсан юм. Хөрсний бохирдол ноцтой түвшинд  хүрсэн. Түүхий нүүрсээс хар тугалгын хольцтой хүнд элементүүд амьсгалахад нь уушгинд орж, үлдсэн нь хөрсөн дээр буудаг. Тиймээс бид дэд бүтцийн томоохон өөрчлөлтийг хийх ёстой.

-Засаглалаа өөрчлөх ёс­той гэж та хэлсэн. Яаж өөрчлөх ёстой юм бэ. Монгол­чууд төр засгаас хий­сэн бүх төрлийн өөрч­лөлтөд бэлэн байдаг ч, ард түмэндээ ээлтэй, элэгтэй өөрчлөлт үнэндээ цөөхөн байлаа?

-Холимог засаглалын тог­тол­цоотой орнууд хөгжихгүй нь маш тодорхой болсон. Хариуцлагагүй байдал газар авч, авлига албан тушаалын хэрэгт шийтгүүлсэн нөхдүүд 20-30 жилээр хоригдсон тохиолдолд манайд байхгүй. Хоёр сар мөрдөнд хоригдоод батлан даалтад гардаг. Нэг нь нөгөөдөө найр тавьдаг, хамгаалдаг, хаацайлдаг. Тиймээс одоогийн Үндсэн хуулийн тогтолцоогоор бурхан сонгогдсон ч дорвитой өөрчлөлт хийж чадахгүй. Ийм итгэл ч алга. Хэдэн гишүүдээс санал гаргаад засаглалын талаар ард түмний санал асуулга явуулахаар бэлтгэж байна.  Бидний дахин сонгогдох эс сонгогдох огт хамаагүй. Улс оронд ирээдүй үе болоод үр хүүхэд минь амьдарна. Дахин сонгогдохгүй байсан ч хамаагүй УИХ-аар шийдвэр гаргуулж, ард нийтийн санал асуулга явуулна. Тухайлбал, эрлийз тогтолцоогоор явах уу эсвэл сонгодог парламент, Ерөнхийлөгчийн засаглалтай улс болох уу гэдгээ нэг мөр  шийдвэрлэнэ. Монгол Улс 20 гаруй жил гурван толгойтой юм шиг явж ирлээ. Засаглалын ойлгомжгүй хэлбэрийг нэг талд нь гаргаж, яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Улс оронд өөрчлөлтийг авчрах шинэчлэлийг хийх цаг болсон. Үндсэн хуульдаа засаглалаа маш зөв зүйтэй томьёолох ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. Тиймээс энэ ажлыг эхлүүлж нэг талд нь багтаана.

-Үндсэн хуулийн шинэч­лэлийг үеийн үед хийхээр ярьж байсан. Тэр дунд засаглалаа өөрчлөх ёстой гэж дуугарч байсан нь цөөхөн санагдана?

-Бид шилжилтийн Үндсэн хуулиас хөгжлийн Үндсэн хууль руу орох ёстой. Үүнийг би биш, ард түмэн шийдвэрлэх шаардлагатай юм. Үндсэн хууль гэдэг бол нийт монголчуудын хамтран амьд­рах гэрээ. Үүнийг хамтдаа шийдэх ёстой. Тэгж байж шийдэгдэхгүй байгаа олон асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй юм. Удахгүй намрын чуулган эхлэхээр энэ ажлыг эхлүүлэх болно. Ард түмнээрээ эцсийн шийдвэрээ гаргуулна.