ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сарангэрэл: Хорт хавдрын эмчилгээнд шинэ дэвшил гарлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-19

Өнөөдөр Чингис зочид буудлын хурлын танхимд Монгол Улсад хорт хавдарын туяа эмчилгээний тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилгоор "Шугаман хурдасгуурт суурилсан хорт хавдрын туяа эмчилгээний дэвшилтэт тeхнологи" олон улсын хурал болж байгаа юм. Хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс цөөн асуултад хариулт авлаа.

-Шугаман хурдасгуурт суурилсан хорт хавдрын туяа эмчилгээний технологийн талаар ярихгүй юу. Шинэ дэвшил, түүхэн үйл явдал хэмээн тодотгож байна?

-Монгол Улсын Засгийн газар Австрийн хөнгөлөлттэй зээлээр хорт хавдарын эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хорт хавдрын эмчилгээний тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах шинэ технологийг оруулж ирж байгаа юм. Маш энгийнээр тайлбарлавал, тухайн хорт хавдрын хэлбэр дүрс, хэмжээнд тохирсон цацрагийг өвчин дээр нь аваачиж эмчлэх боломж бүрдлээ гэсэн үг. Эрүүл эд эрхтэнийг цацраг туяа нь гэмтээхгүй болно гэсэн үг. Мөн эмчилгээний явцаа хянах боломжтойгоос гадна өндөр дүнтэй эмчилгээг эх орондоо авах, тэр дундаа даатгалаас санхүүжүүлж авах боломж бүрдлээ. Маш том дэвшил, түүхэн үйл явдал болж байна.

-Хорт хавдрын нөхцөл байдал ямар байна вэ. Тун саяхан Засгийн газрын хурлаас тун эмзэглэхээр тоон баримт гаргаж тавьсан шүү дээ?

-Сэтгэл эмзэглэхээр тоон баримт байгаа. 2017 оны статистик судалгаагаар жилдээ 6073 тохиолдол бүртгэгдсэнээс 4004 хүн нь нас барсан. Монгол Улсад 18053 хүн хорт хавдартай амьдарч байна. Монголд төдийгүй дэлхийн төвшинд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа. ДЭМБ-ын тооцооллоор 2025 он гэхэд дэлхий дээр 32 сая хүн хорт хавдартай болж, үүнээс найман сая орчим нь амиа алдах эрсдэлтэй гэж гаргасан байгаа юм.

Хорт хавдрыг үүсгэх эрсдэлт хүчин зүйл, амьдралын буруу хэвшил гэх мэтээр олон шалтгаанаас үүдэж өсөн нэмэгдэж байгаа нь харамсалтай. Улс орнууд эрт илрүүлэг, хүний нөөцийн чадавх, шинэ техник технологийг нэвтрүүлж хорт хавдартай тэмцэж эхэлсэн. Бид ч энэ түвшинд ажиллаж байна. 2018 оны есдүгээр сард багтаад урьдчилан сэргийлэх үзлэгийг эхлүүлнэ. Хүний нөөцийн бодлогод анхаарч, эмч эмнэлгийн ажилтнуудаа тасралтгүй сургаж эхэллээ.