ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Батболд: “Евро-5”-аас доош чанартай шатахууныг борлуулахгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-20

Төрийн ордонд өчигдөр Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар, орчны бохирдлыг бууруулах нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт ЗТХЯ, УУХҮЯ, ШУА, Нийслэлийн тээврийн газар гэх мэт төрийн байгууллагууд хувийн хэвшлийнхэн оролцсон юм. Хэлэлцүүлгийн гол зорилго нь шатахууны чанарт анхаарч, агаар орчны бохирдлыг бууруулахад анхаарч байгаа билээ. Тиймээс талуудын байр суурийг хүргэж байна. 

-Агаарын бохирдлыг үүсгэж байгаа нэг үүсвэр бол автотээврийн хэрэгсэл. Үүний шалтгаан нөхцөл нь нэгдүгээрт техникийн бүрэн бус байдал юм. Мөн шатахуун чанар байна. Техникийн хяналтад утаа ихтэй тэнцэхгүй байна гэсэн ч замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа. Тиймээс энэ асуудалд тавих хяналтаа сайжруулна. Бусад техник, технологийн шийдлүүдийг ашиглая гэж хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатарт хэрэглэгдэж байгаа шатахууны чанарт анхаарах ёстой юм. Тэгэхээр “евро-5”-аас доош  чанартай шатахууныг борлуулахгүй байх. Аль болох “евро-5”-аас дээш чанартай шатахууныг нийлүүлдэг болъё.

Мөн байгалийн хий болон цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжиж ажиллана. “Евро-5” шатахуун нь бусдаас литр тутамд 50-100 төгрөгийн үнэтэй байгаа. Тиймээс УУХҮЯ-наас Онцгой албан татварыг бууруулаад бусад шатахуунтай ижил түвшинд үнийг нь авчрах байдлаар хуулийн төсөл оруулж байна. Он гараад Улаанбаатарт хэрэгжих автобусны парк шинэчлэлд цахилгаан, байгалийн хий, “евро-5” гэсэн хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслээр өөрчлөлт хийнэ. Бусад тээврийн хэрэгсэлд шүүлтүүр тавиад хөдөлгөөнд оролцуулна. Нийтдээ нийслэлд 1200 автобус бий. Үүнээс өдөр тутамд 900 орчим нь хөдөлгөөнд оролцдог. 6000 орчим ачааны машинд шүүлтүүр тавьж хөдөлгөөнд оролцуулна. Түгжрэлийг бууруулахаар том оврын ачааны машиныг Улаанбаатарт оруулахгүй байх ёстой. Баруун, зүүн талд ачааны логистикийг байгуулж байна. Хот руу жижиг машинаар түгээлт хийхээр төлөвлөж байгаа. Ачааллыг бууруулах зорилгоор түгээлтийг шөнийн цагаар хийдэг болохоор асуудлыг тал талаас нь хэлэлцүүлж байна. 

 

Ч.Чулуунбат: Шатахуун импортлогч компаниуд дэмжиж байгаа

-Монголд жижиглэн борлуулж буй “евро-5” шатахууны үнэ 50-100 төгрөгийн зөрүүтэй байгаа. Өнгөрөгч оны аравдугаар сард болсон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн  газрын тос бүтээгдэхүүний хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах хамтарсан  зөвлөлөөс гаргасан шийдвэр юм. Эхний ээлжинд экологийн ангилалаас нь хамаараад жижиглэнгийн  үнийг ялгавартай борлуулъя гэж үзсэн. Сангийн яам болон УУХҮЯ-наас хамтран эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэдэд ирж буй ачааллыг нь бууруулах ажлыг хийх ёстой гэсэн зөвлөмж гаргасан. Манайхаас бусад бүх орон “евро-5” руу шилжсэн. БНХАУ гэхэд Бээжин хотод “евро-6” руу орсон байна. Бид сүүлийн үед үнийг зах зээлийн бус аргаар барьснаас болоод хямд бүтээгдэхүүнийг оруулж ирсэн.

Татварын цоорхойг  ашиглах  бодлогын алдаа гаргасан. Үүнийг засаж залруулахын тулд УУХҮЯ-наас анхаарч ажиллаж байна. Яамнаас стандартаа шинэчилж баталсан. Онцгой байдлын албан татвараар зохицуулах нь зүйтэй гэж Сангийн яам, БОАЖЯ-нд санал хүргүүлээд, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд мөн саналаа хүргүүллээ. Улаанбаатар орчимд “евро-5”-аас доош шатахууныг худалдан боруулахгүй байх саналыг Засгийн газарт хүргүүлсэн. “Евро-5”-ыг гуравтай харьцуулахад 60-130 төгрөгийн зөрүү байгаа. Хэрэглэгчид үнээ дагаад хямдыг нь авч байгаа болохоор хэрэглээ өсөхгүй байгаа юм. Үүнийг өсгөхийн тулд хэрэглэгчид ирж байгаа ачааллыг тэнцвэржүүлээд өгвөл эрүүл мэнд болоод машины эдэлгээнд эерэг нөлөөтэй. Үүнийг татвараар зохицуулж өгнө. Шатахуун импортлогч компаниуд ч үүнийг дэмжиж байгаа.