ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Су.Батболд бүтэн нойртой хонох эсэх нь Д.Сумъяабазараас шалтгаална

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-25

Одоогоос 19 жилийн өмнө буюу 1999 онд хотын даргаар М.Энхболд сонгогдсон тэр цагаас хойш нийслэлийн хувь заяа “Хотын фракци”-ийн мэдэлд бүрэн шилжээд байлаа. Түүхийг эргэн сөхвөл, 1990 оноос хойш хотын даргаар нийт есөн хүн ажиллаж байснаас хоёр нь АН-аас сонгогдсон дарга байв. Нэг нь 1996-1998 онд ажиллаж байсан Ж.Наранцацралт агсан, нөгөөх нь 2012-2016 онд хотын мээрээр ажилласан Э.Бат-Үүл нар байсан юм.

Харин 1990-1992 онд ажилласан Л.Энэбиш агсан, 1992-1996 онуудад ажилласан Ц.Баасанжав гуайг тооцохгүй бол “Хотын фракци”-иас нийт таван дарга нийслэлийг ээлжлэн удирджээ. М.Энхболдоос эхэлсэн ноёрхол угсаа залгамжлах байдлаар үргэлжилж, “алим” хочит Ц.Батбаяр /2005-2007/, Т.Билэгт /2007-2008/, Г.Мөнхбаяр /2008-2012/, Су.Батболд /2016 оноос/ нараар үргэлжилсэн байх юм. Харин арав гаруй жилийн дараа Ардын намаас арай өөр фракци хотод эзэн суух боломж, өнгөрөгч баасан гарагт Д.Сумъяабазарын ялалттай цуг ирэв.

Туушинд ялалтаа тэмдэглэхээс ч өөр аргагүй амжилт болжээ. Угтаа МАН-ын ураг төрлийн хэлхээ, мөнгөний сүлжээ болгоод байсан Т.Бадамжунай, М.Энхболд, Т.Билэгт тэргүүтнээс салах боломж гарч ирж байна гэсэн үг л дээ. Залуу улстөрчийн дэмжлэгээр заалнаас нэр дэвшиж, гурван хүний илүү саналаар ялалт байгуулсан Д.Сумъяабазар хотоо Су.Батболдоос салгаж авах уу гэдэг нь энэ өдрүүдэд яах аргагүй бичих ёстой сэдэв, таамаг өрнүүлэх яриа болж байх шиг.

Улс төрийн соёл, жишиг ёсоор бол нийслэлийн МАН-ыг удирдаж байгаа түүнд хотын даргын тамга ч бас ирэх ёстой юм билээ. Гэвч Бага хурлынхаа үеэр Д.Сумъяабазар сайд 2020 оны сонгууль хүртэл хотын даргын суудлаар оролдохгүй хэмээн амлалт өгсөн гэх мэдээлэл бий. Нөгөөтэйгүүр, түүнд давхар дээл хангалттай олон байна. УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаал байгаа. Хүн бүхний шунан тэмүүлдэг хоёр ч албан тушаалтай. Тийм атал энэ бүхнээс татгалзаж хамгийн их хэл амтай, хэрүүл тэмцэлтэй хот руу зүтгэх нь юу л бол. Үлдэж буй ганцхан жилд бүтээх зүйл нэгээхэн ч байхгүй.

Тэгэхээр Д.Сумъяабазарын итгэлийг даах хүн л энэ албан тушаалд очих болов уу гэсэн таамгийг гаргаад эхэлчихлээ. Өнгөрсөн баасан гарагт Д.Сумъяабазар ялалт байгуулахдаа Нийслэлийн МАН-ын эрх мэдлийг Сонгинохайрханы улстөрчдөд бүрэн шилжүүлсэн юм. Баттай араандаа хийчихлээ гэж ойлгож болно. Түүний ар талыг хамгаалах хүмүүс нь найдвартай учраас сонгуулиас өмнө хор гүйх вий, хутган үймүүлэх болов уу гэсэн айдасгүй ажлаа явуулна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай, дүүргээс сонгогдсон улстөрчид болох Н.Учрал, Х.Нямбаатар нарын орон тооны болон орон тооны бус дэд даргын томилгоонууд Д.Сумъяабазар намдаа ямар хүчтэй гарч ирснийг харуулав.

Эдгээр хүмүүсээс хотыг удирдах амбийц хөдлөхгүй гэж үзвэл Су дарга ирэх өдрүүдэд бүтэн нойртой хонож болно. Угтаа Д.Сумъяабазар даргынхаа уурыг барж, ааш аягийг нь хөдөлгөхгүй аятайхан хөлд нь сууж байвал нэр төртэй дөрвөн жил хотыг даргалаад ажлаа өгөх билээ. Эс бөгөөс эрс шинэчлэлээ нэг мөр үргэлжлүүлж, Улаанбаатар хотыг М.Энхболдын фракциас салгах ажлаа тууштай хийгээсэй гэсэн хүлээлт байгааг ч нуух юун. Хот бол М.Энхболд тэргүүтнийг намдаа хүчтэй байх нэг зэвсэг болдог. Нэгэн улс төр судлаачийн бичсэнчлэн “баруун хөл” нь гэж хэлж болно. Түүнийг нь “тайрч” гэмээнэ фракцийн намд эзлэх байр суурь чамгүй ганхана. Тэр хэрээр 2020 онд хүч нь суларна. Тиймээс хамгийн эмзэг цэгийг нь олж хатгахгүй бол бүтэн шөнөжин хэрэлдэж, Хүүхдийн ордонг өргөх шахам тэмцэлдэж ялалт байгуулсны хэрэг гарахгүй биз дээ. 

Үүнийг ч Д.Сумъяабазар даргад ирэх өдрүүдэд сануулах хүн цөөнгүй гарна. Тэр цагт Су дарга суудал дээрээ хэр удаан тэсэх, Бага хурлын амлалт түрхэн зуурын шоу болох уу гэдэг нь тодорхой болох юм. Мөн Д.Сумъяабазар одоо намын дарга болсон учраас МАН-ын Удирдах зөвлөлд орж ирнэ. Нөлөөллөө улам л батжуулна. Намын дүрэмд Нийслэлийн МАН-ын дарга Удирдах зөвлөлд орно гэж тусгасан учраас хотын мээр “Су” Удирдах зөвлөлөөс сугарах бололтой. Ямартаа ч МАН Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний асуудлаа ээлжит хурлаараа шийдвэрлэх ажилтай болж байна.