ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд НҮБ-ын индэрээс үг хэлнэ

O.Admin
2018-09-26

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд оролцож байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес нээлтийн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн өмнө тулгамдсан асуудлын нэг хэвээр байгааr тэмдэглээд үүний эсрэг чиглэсэн дорвитой арга хэмжээг авах шаардлагатай гэв. Технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь шинэ сорилтыг түүний дотор хөдөлмөрийн зах зээлд орохоор бэлтгэгдэж буй залуучуудын ажлын байрыг орлох, ингэснээр ажилгүйдлийг бий болгож, нийгмийн эмзэг бүлэг, эмэгтэйчүүдэд нөлөөлж буйг онцлов. Мөн цагаачлал, дүрвэгсдийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, цахим аюулгүй байдлыг хангах, цахим хувьсгал нь бүх нийтэд хүртээмжтэй байх ёстойг тэмдэглэжээ. 

НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 150 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн энэ сарын 28-ны өдрийн хуралдаанд үг хэлж, улсынхаа Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулж, олон улсын харилцааны асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлнэ.