ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд хэн хэн нэр дэвшив

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-27

Тун саяхан намын дэргэдэх Залуучуудын байгууллагын тэргүүнээ олон нийтийн саналаар тодруулсан АН-ынхан ирэх арваннэгдүгээр сард Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээ мөн сонгохоор болжээ. Өдгөө тус холбоог УИХ-ын гишүүн асан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа удирдаж буй.

Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр холбооны тэргүүний сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэр эхнээсээ тодорч эхлэв бололтой. АЭХ-ны тэргүүнд Засаг дарга С.Одонтуяа дахин өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна. Мөн Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, ҮБХ-ны гишүүн Т.Пүрэвхатан гэх эмэгтэйн нэр дуулдаж байна. Мөн залуу үеийн төлөөлөл болсон З.Сарантуяа гэх бүсгүйн нэр яригдаж эхэлжээ. Экс гишүүн С.Одонтуяаг цөөнгүй хүмүүс танина. Харин Т.Пүрэвхатаны талаар мэдээлэл одоогоор алга.

Харин залуусыг төлөөлж нэр дэвшиж буй З.Сарантуяаг “Хамтын Халуун сэтгэл” сайн үйлсийн байгууллагын тэргүүн байсан гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр, АН-ын залуу гишүүдийн нэг бөгөөд намынхаа Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөлийн нарийн бичиг, Залуучуудын холбооны Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын хорооны дарга, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн гэсэн сонгуульт ажилтай аж. Боловсролын тухайд БНХАУ-ын Хэбэйн олон улсын их сургуулийг Улс төр судлалаар төгссөн бол АНУ-ын Виржиниагийн Их сургуулийг Төрийн удирдлага, Монгол Улсын Удирдлагын академийг Төрийн удирдлагаар тус тус төгссөн гэх мэдээлэл байгаа юм.

“Өөрчлөлтийн Төлөөх Залуу Эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, НҮБ-ын Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч гэх мэтээр хүмүүнлэгийн салбарт чамгүй амжилттай ажиллажээ. “Хамтын халуун сэтгэл” ТББ нь 2012 оноос хандив босгон нийт 30 айлд гэр хандивлаж, 20000 хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, хувцас болон бусад зүйлсээр тусалсан байдаг. Ахмадын дөрвөн асрамжийн газартай хамтарч ажиллаж, үр хүүхэдгүй, асран хамгаалагчгүй 500 гаран ахмадуудад тусалсаар байгаа аж. Мөн өрх толгойлсон ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамтарч ажилладаг. Дэлхийн 16 улсад ажиллаж амьдардаг монголчуудтай хамтран ажиллаж салбараа нээжээ.