ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цэцийн дүгнэлт дэмжлэг авсангүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-02

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Хэнтий аймагт нөхөн сонгууль зохион байгуулах тухай УИХ-ын 62-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

                                                                                                         

УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцан:

-Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд УИХ-ыг төлөөлж ҮХЦ-ын хуралдаанд оролцсон. Бид гаргасан хуулийнхаа хүрээнд  УИХ-ынхаа тогтоолыг баталсан. 14 хоногийн дотор сонгуулийг зарлана гэж Сонгуулийн хуулинд заасан байсан. ҮХЦ-д очоод нөлөөлсөн зүйл байхгүй. Манай тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй. Айж, эмээсэн гэдэг нь улстөржилтийн уянгын халилтай үг байх.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Нөхөн сонгуультай холбоотой асуудал хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Энэ бол танай  хийж байгаа ажил. Танайхан  нөхөн сонгуулиар ялагдана гэхээс айсандаа цэцээр ийм шийдвэр гаргуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Нөхөн сонгууль явуулахаар тов зарлачихсан биз дээ. Энэ шийдвэрийг санал нэгтэйгээр гаргасан шүү дээ. Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гээд өчигдөр хоёр бүлэг мэдээлэл хийж байсан. 2012 оны Сонгуулийн хуулийг батлахдаа гурван хуулийг нэг болгосон нь буруу. Хүчээр нэгтгэсэн. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Төрийн албан хаагчтай холбоотой заалт орсон нь өөрсдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн байхгүй юу.

Түүний дараагаар гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа цэцийн дүгнэлтийг хүлээж авах талаар санал хураахад олонхи дэмжсэнгүй.