ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пүрэвдорж: МАН Ховд аймагт ганц байшин барьсан нь шорон

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-02

УИХ-ын хурлын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж нарын дунд багахан маргаан үүсэв.

Б.Пүрэвдорж гишүүн үг хэлэхдээ “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан. Хэн нэгэн УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдож магадгүй, эсвэл сум дүүргийн төлөөлөгч үхэж, үрэгдэж магадгүй гэж бодоод нэгдүгээр сарын нэгэнд ажлаасаа гарах нь юм байна. Тэгээд аравдугаар сарын 7 хүртэл хүлээгээд болохгүй болохоор 8-нд төрийн албандаа ороод гурван сар болоод дахиад гарна гэсэн хэлбэрээр шийдсэн шийдэл.

Үндсэн хуулийн цэц үе үеийн эрх баригчдын өнгөн дээр шийдвэр гаргаж байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн асуудлаар биш шийдвэр гаргах болсон. МАН-ын талаар өнөөдөр ярина. 2016 онд Монголын хүн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо гэж хар пиардаж байгаад сонгуульд ялсан. Ардчилсан намын Засгийн газар 3.2 тэрбум ам долларын зээл тавьж ямар ажлуудыг хийснийг ард түмэн мэдэж байгаа.
 

Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН-ын Засгийн газар 3.5 тэрбум ам.долларын зээл нэмж авч, хүн бүрийг 22 сая төгрөгийн өртэй болгочхоод юу хийсэн юм бэ. Юу ч хийгээгүй. Ховд аймагт юу ч хийгээгүй. Ганцхан ширхэг барилга барьсан нь шоронгийн барилга. Хэнтий аймагт яг ижилхэн. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга барьсан гэж байвал Ардын нам эндүүрч байна. Түүнийг чинь 2014 онд эхэлсэн юм. 120 айлын орон сууц ТОСК барьсан 2016 оны дөрөвдүгээр сард шийдвэр нь гараад ашиглалтад орсон. Хэнтий Аймгийн Биндэр, Батширээт суманд хоёр сургууль ашиглалтад орсон нь нэг нь 2013 онд, нөгөө нь 2014 онд ашиглалтад орсон. Ардын намынхан зүгээр л тууз хайчилсан. Тийм учраас та нар ард түмний сонголтын өмнө очиж чадахгүй байна. Хэнтий аймгаас удаа дараа сонгогдсон Ардын намын дарга У.Хүрэлсүх чинь ичих нүүрээ элгэндээ наагаад тэнд очиж чадахгүй байгаа учраас та нар Үндсэн хуулийн цэцтэй нийлээд аргацааж магадгүй. Тийм учраас сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг би өргөн барина. Ардын намыг сонгууль, сонголт, ард түмний өмнө үнэлгээ тавиулах цаг нь болсон” хэмээлээ.

Харин Ц.Нямдорж гишүүн  “Б.Пүрэвдорж чи хэн болоод, юу болоод ийм юм яриад байгаа юм. Цадигтай бай, баримттай ярь. Хоёрдугаарт, 2012 оны Сонгуулийн хуулийг “Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. Гурван хуулийг нэг болгосон нь буруу. Хүчээр нэгтгэсэн. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Энэ асуудлыг дахиж авч үзэх хэрэгтэй. Төрийн албан хаагчтай холбоотой заалт орсон нь өөрсдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн байхгүй юу.

 

Б.Пүрэвдорж оо чам шиг юмыг би 300, 400-аар нь үзсэн. Чи хэн болоод УИХ-д орж ирээд бүхнийг мэдээд, бүхнийг шүүмжлээд байгаа юм. Цэцийн гишүүдийг Ардын нам томилсон юм уу. Хамгийн сүүлийн гурван хүнийг хэн оруулж ирлээ. Та нар дэмжээд явсан биз дээ” хэмээн бухимдлаа. Улмаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг байнгын хороо хүлээж авахаас татгалзав.

Б.Тогтох