ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Оюундарь: Б.Махбал 4-5 компанитай, 10 гаруй лиценз эзэмшдэг юм билээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-05

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлуудаас хамгийн их анхаарал татсан сэдэв нь Зам тээврийн, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон тус яаманд гарсан ноцтой хэргийн талаар ярьсан УИХ-ын гишүүдийн үг байлаа.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-Төрийн алба замбараагүй болчихсон байна. Үүнээс болж иргэдийн төрд итгэх итгэл алга болсон.  Ж.Бат-Эрдэнэ сайд хэрэг үйлдсэн гээд байгаа Б.Махбалыг  өмөөрч хариуцлага хүлээгээд байгаа юм уу. Төрийн албанд ийм аймшигтай хэрэг гарлаа гэж хариуцлага хүлээсэн юм уу.  Хэрвээ төрийн албаны хариуцлага гэж байгаа бол ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариуцлага хүлээх ёстой.

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: 

-ЗТХ-ийн сайд ёсзүйн хариуцлагаа хүлээж өргөдлөө гаргасан. Энэ дагуу асуудлыг хэлэлцэж байна. Төрийн албанд болж буй ёс зүйн хариуцлага алдсан асуудлууд нэг л өдөр  болчихсон зүйл биш. Хэргийн тухайд гэвэл  гай газар дороос  гэгч болсон. Төрийн албаны шинэчлэлийн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Сайд өөрт нь хамааралгүй ч ёс зүйн хариуцлагаа хүлээж шинэ жишиг тогтоосон. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Ж.Бат-Эрдэнэ сайд өнгөрөгч наймдугаар сард өргөдлөө өгсөн. Гэтэл бид өнөөдөр /өчигдөр/ хэлэлцэж байна.  Г.Занданшатар хариуцлагагүй мэдэгдэл хийж байна. Эрчим хүчний салбар тэг зогсолт хийсэн. Хүний амь үрэгдсэн нь 2012-2016 оноос болсон зүйл гэж яриад сууж байна. АН дангаараа нэг ч удаа засаг барьж байгаагүй. 
 МАН-тай л хамтарч байсан.  Тогтолцоонд байгаа гажуудлаа ярихын оронд өмнөх засаг руугаа бухаад  сууж байна. 2020 он хүртэл ярих байх даа. 

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: 

-Талийгаач айлын удам залгах ганц хүү. Энэ онд эхнэр нь одонгоо авчихаад угаахаар бэлдэж байсан.  Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын уугуул иргэн. Талийгаачийн асуудал ганц шөнө болсон зүйл биш. Б.Махбал 2014 онд С.Дорждагвад эргэж ирээд чамд газрын даргын албан тушаал олж өгнө өө гэж хэлж байсан байгаа юм. Б.Махбал нь 4-5 компанитай, 10 гаруй ашигт малтмалын лицензтэй. Төрсөн дүү нь нэг тэрбумын үнэлгээтэй компанитай шүү дээ. Баянзүрх дүүрэгт хэд, хэдэн орон сууцтай. Б.Махбалын  21 настай хүү нь М.Билгүүн нь найман үл хөдлөх хөрөнгөтэй юм байна. Машины тоо ч бүр замбараагаа алдсан. Албан тушаал авах гэж санаархаж байсан С.Дорждагва гэхэд л ХОМ-т мэдүүлээгүй “Лотус” гэж компанитай. Газрын даргын албан тушаал руу ингэж их тэмүүлж байсан байна шүү дээ. С.Дорждагва нь эхнэрийнхээ нэр дээр “Төслийн удирдлагын хөгжлийн төв” гэж байгуулаад тендер авч байсан.  Зам тээврийн яаманд бугшсан асуудлыг хэзээ засах вэ. Мөрдөн байцаалтын нууцлал хаана байна вэ. Бүх зүйл хэвлэлээр явж байна. Бичлэгүүд алга болчихсон байна. Албан тушаалын төлөөх тэмцэл байсан нь харагдаж байгаа. Ар талд нь дөрвөн бүлтийсэн хүүхэд үлдлээ. Шүүх засаглал гэж байдаг юм уу. Ер нь төрийн алба тогтвортой байх ёстой. Засгийн газар бүрэн эрхийнхээ хэмжээнд ЗТХ-ийн сайдыг чөлөөлсөн гэж байна. Засгийн газарт энэ эрх байхгүй. Энэ эрх УИХ-д байдаг.

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

- Талийгаачийн ар гэртээ бид удаа дараа уулзсан. Гомдол саналыг нь сонссон. Хуулийн дагуу шийднэ  гэж итгэж байна.  Удахгүй төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх хуулийг өргөн барина. Ёс зүйн хариуцлагыг нэмэгдүүлэх олон ажлыг хийгээд эхэлсэн. 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 

-Тэр С.Дорждагва гэдэг хүнийг талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд томилох гэж Б.Махбал  7-8 удаа өрөөндөө дуудаж уулзсан байгаа юм. Хууль, хүч прокурорын байгууллагын шударга ёс хаана байна. Нас барсан хүний архи уусан хэмжээг тогтоочихоод хэрэг үйлдсэн хүмүүсийн архины хэмжээг яагаад тогтоож чадахгүй байгаа юм бэ. Есөн  удаа өшиглөж, зодож тамласан байхад яагаад бичлэгийн дагуу шалгахгүй байгаа юм бэ. Энийг шударга талаас нь шийдээч ээ гэж хууль хүчний байгууллагаас хүсч байна. Шаардлагатай бол энэ хэргийн төлөө дуугарна. Энэ бол санамсаргүй хэрэг биш. Тавуулаа нэг хүнийг бүлэглээд зодоод алчихсан. Үхсэний хохь, амьдын зол гэдэг л болох гээд байна.