ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: Алдаа дутагдал, хуулийн зөрчлөө арилгалгүй төсвийг баталбал хориг тавина

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-15

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан үг хэлж, төсвөө хэмнэхийг уриалсан юм. Түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 

-Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн асар том хямрал ирж байгааг дэлхийн санхүүгийн тэргүүлэх мэргэжилтнүүд, Олон улсын валютын сангийн удирдлагууд удаа дараа хэлж анхааруулсаар байна.

-Дэлхий нийтийн санхүү, эдийн засгийн төсөөлөл ийм бараан байхад Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл нь хэт өөдрөг, айсуй хямралыг огт тооцоогүй, бодит амьдралаас тасарсан, 2020 оны сонгуульд нөлөөлөх талаар илүүтэй бодсон, ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн болжээ.

-2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 72 гишүүнийхээ хэл амыг дарахын тулд сая төгрөгөөр эхэлсэн “гишүүний мөнгө” гэгдэх тухайн тойрогт хийгдэх хөрөнгө оруулалт өнөөдөр таван тэрбум төгрөгт хүрч 5000 дахин өсчээ.

-Шинээр эхлүүлэхээр төсөвлөсөн 570 барилгын 66 хувь нь буюу 375 барилга огт зураг, төсөвгүй байгаа нь Төсвийн тухай хуулийн 29.4-ийг зөрчиж байна. 

-Зураггүй, төсөвт өртөг нь тодорхойгүй барилга байгууламж олон жил дамнан, жил ирэх бүр өртөг нь нэмэгдэж төсөвт дарамт учруулдаг. Хууль зөрчсөн эдгээр объектуудыг ард түмэн “гишүүний мөнгө” гэж нэрлэж заншжээ.  Эдгээр 375 барилгыг төсвийн төслөөс хасах саналтай байна.

-Тойрогтоо барилгын суурь цутгасан эсэхээр чинь бус улс орны тогтвортой ирээдүйд хандсан, иргэдийн орлого, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлуудаар чинь л та бүгдийг дүгнэнэ.

-Сангийн сайдын өөрийнх нь тойрог Увс аймагт бусад аймгуудаас 10 дахин их хэмжээгээр буюу 52.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн байна гэдэг бол ичгүүргүй, ёс зүйгүй үйлдэл.

-Бензин шатахууны үнэ 19-30 хувиар өсчихөөд байхад салбарын сайд, Засгийн газар хариу үйлдэл үзүүлэх 
чадваргүй суусаар байна.

-Өр нэмж тавихгүй, зээл авахгүй гэж байсан эрх баригчид “Мазаалай” бонд 500 сая ам.доллар, “Хуралдай” бонд 600 сая ам.доллар, “Гэрэгэ” бондоор 800 сая ам.доллар зээлчихлээ. Өр дарагдсангүй, эсрэгээр нэмэгдчихээд байхад “өр дарлаа” гэж яриад байгаагийн учрыг ойлгохгүй юм.

-Засгийн газар одоо сонгуулийг март. Айсуй эрсдэлт нөхцөлийг даван туулахад л илүү анхаарах цаг ирлээ.

-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төсөв алдагдалгүй байх ёстой” гэж ярьдаг, шаарддаг байснаа Сангийн сайд болоод өөрөө төсөв зохиох болохоороо 5.4-8 хувийн алдагдалтай төсөв өргөн барилаа.

-Төсвийн тухай хуулийг зөрчиж, гадаадын зээл, тусламжийн хөтөлбөр, төслүүдийг Сангийн яаманд төвлөрүүлэх нь гэсэн шүүмжлэл УИХ-ын гишүүдээс гарч байгааг шалгаж, хууль зөрчсөн үйлдлийг арилгасны дараа төсөв батлагдах ёстой.

-Эдийн засаг бүхэлдээ өсөөгүй, зөвхөн түүхий эдийн экспорт, үүнээс нүүрсний үнийн дүн, биет хэмжээ л өссөн байхад Засгийн газар ДНБ-ий өсөлтийг 2019 онд найман хувь байхаар тун өөдрөг төсөөлжээ.

-Сангийн яам батлагдаагүй байгаа Татварын багц хуулийг батлуулснаар орлого нэмэгдэнэ гэх хэрнээ төсвийн орлого яг хэдэн тэрбум төгрөгөөр нэмэгдэхийг тодорхой заасангүй. Улсын төсвийг зөвхөн батлагдсан, үйлчилж байгаа хуулийн хүрээнд хийх хуультайг дахин сануулъя.

-УИХ-ын дарга М.Энхболдын санал болгосон 10 хувийн хэмнэлтээс цалин тэтгэврийн нэмэлтийг хасаад бараг нэг их наяд, зураг төсөвгүй объектыг төсвийн төслөөс хассанаар бараг 400 тэрбум, нийт 1.4 их наяд орчим төгрөг буюу өнөөдрийн ханшаар 500 гаруй сая ам.доллар хэмнэх боломжтой байна.

-АТГ-ын урсгал зардалд 12 тэрбум 804.4 сая төгрөг төсөвлөжээ. Энэ байгууллага оффшороос мөнгө оруулж ирэх, 60 тэрбумын хэргийг шийдэх, үндэслэлгүйгээр баяжсан төрийн албан хаагчдын хөрөнгийг хурааж төсвийн орлогод хувь нэмэр оруулах ажлаа хийхийн оронд сургуулийн захиралтай л тэмцэж сууна.

-Байгалийн баялгийн орлого орж ирэхгүй байна, татвар төлөхгүй байна, орж ирэхээрээ авлигын эх үүсвэр болоод байна гээд тодорхой жишээнүүд байсаар байтал хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Ажлаа хийдэггүй энэ байгууллагыг санхүүжүүлэх хэрэг байна уу. 

-Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд насанд хүрээгүй 3000 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4553 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон байна. Гэтэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан цагдаагийн нэг албан хаагчид 17138 хүүхэд ногджээ.

-Хэрэв УИХ дээр дурдсан алдаа дутагдал, хуулийн зөрчлөө арилгалгүй 2019 оны төсвийг баталбал нийт ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүний хувьд, ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс уг шийдвэрт хориг тавих болно.

-Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ. Та хувьсгал хийнэ гэж амлаад Ерөнхий сайд болсон. Төсвийнхөө хувьсгалаас эхэлье гэж санал тавьж байна. 

-УИХ-ын дарга төсвөө 10 хувь хэмнэж болно гэлээ. Би 15 хувь хэмнэж болно гэж үзэж байгаа. Ерөнхий сайд та үлгэр үзүүлээд 20 хувиар хэмнэнэ гэдэгт итгэж байна.