ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Амарзаяа: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд мянган төгрөг ч төсөвлөөгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-15

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ирэх оны төсвийн талаар ярилцлаа.

-Ирэх оны нэгдсэн төсвийг хэрхэн дүгнэж байна вэ. Сөрөг хүчний зүгээс хэтэрхий өөдрөг төсөөлөлтэй төсөв байна гэж дүгнэж байгаа. Харин таны хувьд?
-Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн бодлоготой нийцүүлээгүй, салбарын яамдын бодлогын түвшинд оруулж ирсэн асуудлыг зохих ёсонд нь  шийдээгүй  төсвийн хуваарилалт хийсэн гэж харж байгаа.
 Ирэх оны төсөвт орлогыг дайчилсан байна лээ. Энэ хэрээр аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжиж хамтарч ажиллах байх. Төрийн зүгээс ч төсвийн орлогыг бүрдүүлэхэд энэ хэмжээний бааз суурийг бэхжүүлж байгаа дэвшилттэй тал бий. Гэхдээ ирэх онд дэлхийд болон Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байх уу, үгүй юу гэдгээс шалтгаалаад орлогын бүрдүүлэлтэд эрсдэл гарч болзошгүй.  Тухайлбал, уул уурхайн салбарын  орлогод тулгуурласан байгаа. Одоогийн байдлаар Ханги-Мандал, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хилийн боомтоор нүүрсний экспорт голлон гарч байгаа. Нүүрсний үнэ тогтвортой байх уу, ирэх оны төсөвт төсөөлсөн шиг орлого нь бүрдэх үү гэдэг бас л эрсдэлтэй.  

-Зарлагаа  хэрхэн тооцоолсон байна вэ?
-Зарлагыг тооцоолохдоо төсвийн тогтворжуу­лалтын сан болон Ирээдүйн өв сан  уул уурхайн баялгаас нэлээд хамааралтай байсан. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг татахаар тооцсон байна лээ. Ирээдүйд учирч болзошгүй эрсдлээс сэргийлж, сангийн бүрдүүлэлтэд анхаарсан байна гэж дүгнэж байгаа.

-Томоохон төсөл хөтөлбөр, мөнгөний эх үүсвэрийг бий болгоход хуваарилалтыг хэр хийсэн байна вэ?
-Орлогыг илүүтэй дайчилсан атлаа шинэ бүтээн байгуулалт, мега төслүүд, ирээдүйд мөнгө олж болох салбаруудыг дэмжих ажил бүрэн орхигдсон.

-Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа нь хэр зөв алхам юм бол?
-Энэ нь боловсрол, эрүүл мэнд, соёл гэх мэт чухал салбаруудын тогтмол болон ашиглалтын зардлын эрх мэдлийг орон нутагт өгсөн нь эргээд улсын төсөвт том эрсдэлийг дагуулж магадгүй. Цаашид энэ талаар өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийнэ. Тиймээс энэ тоонуудад өөрчлөлт орно гэж харж байгаа. Бүлэг бүрээс ажлын хэсэг гараад ажиллана. Тэгэхээр бодлогын түвшинд хөрөнгө оруулалтыг хийх оновчтой шийдэлд хүрэх байх гэж харж байгаа.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зуун төгрөг ч төсөвлөөгүй байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Өмнөх онд 70 гаруй тэрбумыг төсөвлөсөн. Ирэх оны төсөвт мянган ч төгрөгт төсөвлөөгүй. Хамгийн багадаа гэхэд 70 орчим тэрбум төгрөгийг төсөвлөх боломжтой байсан. Нөгөөтээгүүр, орон нутагт хуваарилах 189 тэрбум төгрөгийн 70 тэрбумыг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд төсөвлөх бүрэн боломж бий. Эдийн засгаа дэмжих гол төслүүдээ орхигдуулж болохгүй.

-Гадны зээл, тусламжаас орж ирэх мөнгийг захиран зарцуулах эрх зөвхөн Сангийн сайдад байгаа. Захиран зарцуулалтад хэн эргээд хяналт тавих вэ. Энэ хэр оновчтой шийдвэр вэ?
-Гадны зээл тусламжаар хийхээр төлөвлөсөн ажлуудыг харсан. Зээл нь илүүтэй зорилтод бүлэг рүү чиглэж, тухайн төсөл хөтөлбөртөө зориулагдахаар тусгасан байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, барилга байгууламж, эрчим хүч гэх мэт чухал салбаруудад  хандаж тусгасан байсан. Үр ашиг талаасаа илүү оновчтой юм уу гэж харлаа. Монгол Улсад чухал хэрэгтэй зүйлд зарцуулахаар төлөвлөсөн байсан.

-Хөрөнгө оруулалтын хуваарилалт хангалтгүй гэдэг шүүмжлэлийг зарим гишүүд хэлж байсан?
-Нийт хөрөнгө оруулалтын 60 орчим хувь зураг төсөвгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаа юм. Тендер зарлагдаад бүтээн байгуулалт эхлэх гэсээр байтал улирлын шинж чанартай ажлууд нь тухайн жилдээ, төлөвлөгдсөн цаг хугацаандаа ашиглалтад орохгүй. Энэ бодлого төлөвлөлт хоёр хоорондоо уялдаа холбоо муутай. Тэгэхээр орлого, зарлагыг эрс өсгөсөн атлаа дээр дурдсан алдагдлууд, эрсдэлүүдийг нэмэгдүүлсэн төсөв гэж харлаа. Түүнчлэн, хамгийн үнэ цэнэтэй баялаг бол алт. Гэтэл алт олборлолтоос олох орлого хангалтгүй байгаа юм. Энэ асуудлыг тодруулна. Төлөвлөлтийн юм уу, бодлогын алдаа байхыг үгүйсгэхгүй. Түүнээс баялгаа орхихгүй гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа.

-УИХ-ын гишүүдэд таван тэрбумыг төсөвлөж байгаа. Зарим гишүүдийг бага мөнгө гэж чамлаж байхад нэг хэсэг их зүйлийг хийж бүтээнэ гэж хэлж байна. Харин таны хувьд?
-Төсвийн хөрөнгө оруулалтыг тойрог бүрт жигд хүргэх юмсан гэсэн Засгийн газрын бодлого байгаа гэж харж байгаа. Хэрвээ тойрог бүрт өөр,  өөр мөнгө төсөвлөсөн бол асуудал үүсэх байх. Тиймээс Засгийн газраас жигд хуваарилж өгсөн байх. УИХ-ын гишүүд бүр дураараа захиран зарцуулах эрхгүй. Тухайлбал, миний зүгээс хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт хийхэд бэлэн болчихсон ажилд анхаарлаа хандуулна.  Манай тойргоос гэхэд улсын төсөвт тусгах шаардлагатай  20 орчим тэрбум төгрөгийн  санал ирсэн. Хамгийн чухал нь зураг төсөл бэлэн болчихсон, зөвхөн хөрөнгө оруулалтаа хүлээж байгаа ажлууд бий. Тиймээс зураг төсөлгүй бүтээн байгуулалтад Өмнөговь аймаг хамаарахгүй. Ер нь хөрөнгө оруулалтыг оновчтой, батлагдсан жилдээ ашиглалтад орж, хүлээлгэж өгөх байдлаар явах нь илүү зохимжтой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажил хангалтгүй байгаа. Тиймээс  зураг төсөл нь бэлэн болсон салбарт хөрөнгө оруулалт хийх нь хамгийн зөв.