ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Хаянхярваа: Бид ирэх оны төсвийг өөдрөгөөр төсөөлсөн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-15

УИХ дахь МАН-ын өнөөдөр хуралдаж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн аж. Энэ талаар  МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бүлгийн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 хувь олгох тухай С.Бямбацогт нарын гишүүний санаачилсан төслийг хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар дээрх төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн” гэдэг мэдээллийг өглөө. Мэдээллийн дараа түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Бүх хүүхдэд  мөнгө олговол төсөвт дарамт ирэхгүй гэж УИХ-ын гишүүд хэлж байгаа. Нийтдээ хэчнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй вэ?

-Бүх хүүхдэд мөнгө олгоход 27 тэрбум төгрөг болно. Гэхдээ ОУВС-тай тохиролцсон тохиролцооны хүрээнд байх ёстой  гэж үзэж байгаа.

-Ирэх оны төсөв нэлээд хэл ам дагуулж байна. Энэ талаар бүлгийн хуралдаанаар ярилцсан уу?

-Сонгуулийн өмнөх жилийн төсвийг батлахад хэл ам нэлээдгүй байдаг.  Гэхдээ 2019 оны төсөв бүхэлдээ сонгууль руу чиглэсэн, эдийн засгаа баллана гэдэгтэй санал нийлэхгүй байна.  Бид ирэх оны төсвийг өөдрөгөөр төсөөлсөн. Төсвийн орлогыг есөн их наяд төгрөгөөр төсөөлсөн. Улсын төсвийн төслийн ажлын хэсэг байгуулагдаж, ойлголцлын төвшинд явж байгаа. Тойрог бүхэнд ойролцоогоор таван тэрбум төгрөгийг төсөвт нь суулгаж өгсөн. Үүнийг Засаг дарга нь захиран зарцуулна. Түүнээс бус УИХ-ын гишүүнд захиран зарцуулахгүй. Бид зөвхөн хяналтаа тавих ёстой.

-Сангийн сайдыг тойрогтоо 52.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэсэн. Энэ үнэн үү?

-МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төсвийг тавьсан.  Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв орсон байна лээ. Үүнийг ажлын хэсгийнхэн нягталж байгаа.

-54 тэрбум төгрөгөөр утааг бууруулах шүүлтүүр авахаас аргагүй гэж салбарын сайд хэлж байна. Энэ нь утаа нэртэй бас нэг луйвар гэж хэлэх хүн байна. Та санал нийлэх үү?

-Утааг бууруулах чиглэлээр янз бүрийн арга хэмжээ авсан. Утааг бууруулах чиглэлд 54 тэрбум төгрөгийн шүүлтүүр авч байгаатай би ч хувь гишүүний хувьд санал нийлэхгүй байна. Үүнийг дахин нягтлах ёстой.