ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Эдийн засаг өсөлттэй гарсан ч иргэдэд нөлөөлсөнгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-15

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар өнөөдөр 2018 оны үндсэн чиглэлийн биелэлт, эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монголбанкны мэдээллийг сонсчээ.  Энэ талаар сэтгүүлчдэд УИХ дахь  Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл өглөө.

 Тэрбээр “Ханшийн савлагаа ард түмний нуруун дээр хүндээр тусч байгааг Монголбанк анхаарах ёстой. 2018 оны үндсэн чиглэлээс биелэгдээгүй хэд хэдэн зүйл байна. Тухайлбал, ипотекийн зээл олголт тааруу байна. Энэ жил 200 тэрбум төгрөгийг банкуудад нийлүүлсэн гэж байгаа ч бодит байдалд  барилгын өсөлт огцом буурсан. Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн. Ханшийн огцом өсөлт хэрэглээний үнэд нөлөөлсөн.

Инфляцийн төвшин зуны гурван сард огцом нэмэгдсэн. Эдийн засаг өсөлттэй гарсан ч иргэдэд нөлөөлсөнгүй. Ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх санаачилга алга. Уул уурхайгаас бусад экспортыг дэмжих бодлого орхигдсон гэдгийг санууллаа.Мөн эдийн засгийн таагүй байдал үргэлжилвэл “эдийн засгийн дарамт үүснэ. Энэ дарамтыг арилгах чиглэлээр Монголбанк, Засгийн газартай уялдаа холбоотой ажиллахгүй бол ард түмний амьдрал өнөөдрийнхөөс ч муудна. Гадаад өрийн хэмжээ жил бүр нэмэгдэж байна. Импортын дарамт, төлбөрийн дарамт, чанаргүй зээл болон зээлийн хүүгийн дарамт байна” гэсэн юм.