ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч АСЕМ-д оролцохоор эх орноосоо мордлоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-17

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч  болон айлчлалын бүрэлдэхүүнд багтаж буй төлөөлөгчид 18-19-ны өдрүүдэд Бельги улсын Брюссель хотноо болох Ази-Европын дээд түвшний 12 дугаар уулзалтад оролцоно.

“Европ ба Ази: “Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн дор болох АСЕМ-ын энэ удаагийн Дээд түвшний уулзалтаар  тогтвортой хөгжлийг хангах, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх асуудлыг даван туулахын тулд хоёр тив хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, уялдаа холбоог өргөжүүлж, нягтруулах асуудлыг хэлэлцэх юм.

Мөн Дээд түвшний уулзалтын нээлт болон нэгдсэн хуралдаануудад манай улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэхийн зэрэгцээ Францын Ерөнхийлөгч Э.Макрон, ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркел, Унгарын Ерөнхий сайд В.Орбан, Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук зэрэг АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн удирдагчид, мөн Европын Холбоо, Европын комиссын удирдлагатай хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байгаа аж.

Харин 22-26-ны өдрүүдэд Швейцар улсын Женев хотноо болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох юм. Женев хотноо болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Дэлхийн хөрөнгө оруулалтын чиг хандлагыг өөрчлөгчдийн дээд түвшний уулзалт”,  “Дэлхийн удирдагчдын хөрөнгө оруулалтын дээд түвшний уулзалт”, “Хөрөнгө оруулалтын хотхон” зэрэг уулзалт, арга хэмжээнд оролцож Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн чухал салбаруудад хөрөнгө оруулалт хийх боломж, нөхцлийн талаар үг хэлнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн үеэр Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын олимпийн хороо зэрэг байгууллагын удирдлагатай уулзалт хийж, эдгээр байгууллагын үйл ажиллагаатай танилцах юм.