ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“СПОРТ БА ХӨГЖИЛ” УЛСЫН IV ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-17

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Спорт ба хөгжил” улсын дөрөвдүгээр зөвлөгөөн маргааш Төрийн ордны их танхимд болох аж. 2012 оноос хойш тасалдаад байсан уг зөвлөгөөнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж байна.  

Биеийн тамир, спортын улсын дөрөвдүгээр зөвлөгөөнөөр Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, агуулгын  талаар спортын салбарынханд нэгдсэн ойлголт өгөх, “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”, Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль ба бусад хууль, эрх зүйн баримт бичгүүд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн ба төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан боловсронгуй болгох талаарх арга зам, шийдэл, чиглэлийг тодорхойлж, биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэн төгөлдөржүүлэх цогц асуудлыг хэлэлцэх аж.

Зөвлөгөөний үеэр биеийн тамир, спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага, бодлогын хэрэгжилтийн талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Үүнд:

  • “Биеийн тамир, спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага”
  • “Биеийн тамир, спортын салбарын бодлогын хэрэгжилт”
  • “Биеийн тамир, спортын төрийн ба төрийн бус байгууллагын сайн засаглалыг хөгжүүлэх нь”
  • “Биеийн тамир, спортын шинжлэх ухааны хөгжил ба зорилт”
  • “Чанартай бие бялдрын боловсрол”
  • “Хөтөлбөр-2020” зэрэг сэдвийг хэлэлцэнэ.

Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, МҮОХ, МПХ, спортын холбоод, цэрэг, тусгай хүчний биеийн тамир, спортын байгууллагууд, их, дээд сургууль, спортын дунд сургууль болон бусад байгууллагын  удирдлага, ажилтан, албан хаагч, багш дасгалжуулагч, тамирчид, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл болох 500 гаруй төлөөлөгч оролцох юм.

Энэ жил Монгол улс Олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ой тохиож буй. Зөвлөгөөний үеэр 1968 оны Мехикогийн 19 дүгээр олимпын наадмаас Ж.Мөнхбат мөнгөн медаль, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль хүртэж Монгол Улс анхны олимпын медальтнуудтай болсон түүхэн үйл явдлыг тэмдэглэж, Олимпын медальтнуудад хүндэтгэл үзүүлэх аж.