ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар дарга хуулийн төсөл өргөн барив

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-17

Засгийн газраас Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэнийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

УИХ 1995 онд Харилцаа холбооны тухай хуулийг баталж, 2001 онд шинэчлэн найруулж, түүнээс хойш найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хуулийг дагаж мөрдсөнөөс хойших 18 жилийн хугацаанд техник, технологид зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч, Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан тоон дамжуулах сүлжээ, суурин болон үүрэн холбооны сүлжээ, олон сувгийг дамжуулах сансрын хиймэл дагуулын сүлжээг байгуулжээ.

Энэ мэтээр манай эдийн засаг, нийгмийн бүх салбар, иргэдийн амьдралд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилт технологи, үйлчилгээ, хэрэглээ нэвтэрч байгаа билээ. Гэвч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд өнөөгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын харилцааг зохицуулахад тодорхой хэмжээний бэрхшээл үүсгэж байна гэж мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд эдгээр бэрхшээлийг арилгахын тулд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл долоон зүйлтэй аж.