ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дархан сайд

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-18

“Монголын мэдээ” сонин УИХ-ын 76 гишүүнийг “Байх байхгүй шалтгаан” буландаа онцолж байгаа билээ. Энэ удаагийнхаа дугаарт УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн Нямдоржийг онцолж байна.

 

Амлалт:

Монголын парламентад дархлагдсан цөөн хүний нэг бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Тэрбээр УИХ-д долоо дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр амлаж сурсан гишүүн гэсэн үг. Сонгуулийн жижиг амлалтаас  эхлээд хөөсөрч, томрох хүртэл нь хамт явна. Чухам бодит ажил болж, хөрсөн дээр буусан эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ монголчууд Ц.Нямдорж сайдаас хэзээ ч сургууль, цэцэрлэг, барилга, байшин  барьсангүй, хувин сав тараасангүй, төсвийн мөнгийг үргүй зарлаа, тойрогтоо ажиллахгүй байна, амлалтаа хэрэгжүүлсэнгүй гэсэн гомдлыг миний мэдэхээр 20 гаруй жилийн хугацаанд нэхэж байсан тохиолдол  нэг удаа ч гарч байгаагүй юм. Харин түүнээс шударга ёс, шударга зарчмыг амлалт мэт нэхэж ирлээ. Энэ нь  Ц.Нямдорж сайдын амлалт бас ажил байсан юм.

Хууль хяналтын байгууллагын ажлын арга  барил ямар түвшинд байна вэ, аливаа хэргийг хэрхэн шүүж байна вэ, иргэдэд тэгш үйлчилж чадаж байна уу, эцсийн шийдвэр нь зөв үү  гэх мэт олон асуулт, олон хариулт түүнтэй холбоотой. Учир нь тэрбээр УИХ-д долоон удаа сонгогдож ажиллахдаа таван удаа Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон  ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсад гарсан хүний амины ноцтой хэрэг болох С.Зориг агсны хэрэг, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт томоохон хэргийг илрүүлж, үнэн зөв шийдэж өгөхийг хамгийн их хүсдэг, хүлээдэг. Тухайлбал, С.Зориг агсан бусдын гарт амиа алдаад 20 жил болсон ч Ц.Нямдорж сайд захиалагчийг нь ажлаа аваад  зарлана, хэргийг  нууцын зэрэглэлээс гаргана, ямар ч холбогдолгүй гурван хүнд хэргийг нь тохсон зэрэг мэдээллийг учир битүүлгээр хэлж, аргацаасаар өнөөг хүрлээ. Энэ хэргийн зангилаа, учир битүүлэг утгатай Ц.Нямдорж сайдын үг тайлагдаагүйг бодвол тэрбээр амлалтаа тааруухан хэрэгжүүлж явна гэсэн үг. Магадгүй энэ хэргийн захиалагчийг зарласан үед түүнийг амлалтаа хэрэгжүүлсэн гэж хэлж болох билээ.

 

Амжилт:

УИХ-д өвдөг шороодолгүй, долоон удаа сонгогдож, олны итгэлийг хүлээнэ гэдэг том амжилт билээ. Түүгээр ч үл барам Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа, УИХ-ын дэд даргаар нэг удаа ажиллана гэдэг нь  нэр төр бас амжилт. Хэн хүнд заяагаад байхааргүй хувь тохиол. Монгол Улсын хууль зүйн салбарын бодлогыг 20 гаруй жил тодорхойлж, зангидаж явна гэдэг хэрийн аавын хүүд  байхгүй их хувь заяа. Спортоор бол өвдөг шорооддоггүй их аварга юм.  Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрт нь монголчууд эргэлзэхгүй итгэдэг. Тэгтэл нь олны сэтгэлийг хурааж, хуримтлуулж, энэ хэрээр хайрлуулж,  хүндлүүлнэ гэдэг бас л амжилт. Энэ хүндлэлийг  ямар ч эрх мэдэл, мөнгө төгрөгөөр үнэлэмгүй. Ингэж үнэлэгдэж амьдарна гэдэг бол яах аргагүй амжилт биз ээ.

 

Алдаа:

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа ажил­ласан хүний хувьд салбарынхаа үнэлэмжийг бууруулсан нь түүний алдаа юм. Нийгэмд болохгүй, бүтэхгүй бүхний үргэлжлэл нь хуулийн салбарын буруутай үйлдлээс болж байна. Монголчууд авлигачидтайгаа тэмцэж чадахгүйд хүртлээ мохсон нь мөн л алдаа билээ. Хууль хяналтын байгууллагын гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа ажил, ажилтнуудын ур чадвар гэх мэт олон зүйлс нийгмийг бухимдуулж байна. Зөвхөн захиалгаар даалгавар гүйцэтгэдэг утсан хүүхэлдэй болтлоо хуулийн салбарын нэр хүнд газарт  унав. Үүнд тэр ч бас буруутай. Жирийн иргэд хууль хяналтын байгууллагад итгэхээ больсон. Мөнгөтэйд үйлчилж, мөнгөгүй нэгэнд төмөр нүүрээ харуулж байгаа. Хуулиар далайлгасан, шүдгүй арслан шиг болсон. Энэ бол таны алдаа.  Өөртөө шударга ёс, шударга зарчмын  имижийг хангалттай бүрдүүлсэн атлаа хууль хяналтын салбарыг нэг хэлбэрт цутгачихсан. Та өөрчлөхийг хүсээгүй, тэд өөрчлөгдөхийг хүссэнгүй. Хууль зүйн салбар элгээрээ мөлхөж байхад Монгол Улсаас шударга ёс, шударга зарчмыг хайгаад хаанаас ч олохгүй юм. Энэ үг зөвхөн уриа лоозон маягаар үлдэж, хуулийн заалт нь жирийн иргэдийг айлгах зэвсэг болж, түүний дундуур эрх мэдэлтний хүссэн захиалга хоолны цэс шиг урсах нь. Энэ алдаа цаашид ч үргэлжилнэ.

 

Тэнэглэл:

С.Зориг агсны хэргийн зангилааг тайлна гэж  та олон жил ярьсан нь худлаа биш. Одоо ч ярьж байна. Монголчууд танд итгэсээр л байна. Гэтэл “С.Зориг агсны захиалагчийг зарлана гэснээс хойш надад маш их дарамт шахалт ирж байна” гэж байнгын хорооны хурлын үеэр мэдэгдэв. Энэ бол хамгийн том тэнэглэл. Хууль зүйн салбарыг гарын таван хуруу шиг мэдэх хүний хувьд ийм “жижигхэн” тайлбар хийгээд суух чинь үнэндээ олон хүнд таалагдаагүй биз.  Магадгүй хэзээ ч ийм зүйл ярихгүй гэж итгэснийх юм.

 

Ирээдүй:

Учир нь үл тайлагдах олон хэргийн зангилааг шил дараалан зарлаж, олон нийтэд хүргэх нь таны ирээдүй юм шүү, сайд аа. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх хугацаандаа  хуулийн салбарыг горимд нь оруулж, жаахан ч атугаа өөрчилж чадвал ирээдүйтэй улстөрч хэвээр үлдэнэ. Энэ цаг үед хамгийн их хүсэмжилж байгаа шударга ёсыг тогтоож чадвал яах аргагүй таны ирээдүй гэрэлтэх нь гарцаагүй.  Энэ нь албан тушаал ахиж, дахиад олон жил улс төрд зүтгэх гэхээс илүүтэй монголчуудад үнэлэгдсэн тэр үнэлэмжээр цаашид хүндлүүлж, хайрлуулж явах нь ирээдүй. Хүрээгүй албан тушаал, хийгээгүй ажил цөөхөн. Тиймээс л монголчуудад хамгийн их хүлээлт үүсгэсэн хэргийн зангилааг тайлах нь чухал байна.