ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу айлчилж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-18

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр  Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах юм.

Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлжээ.
Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, С.К.Шойгу нар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх ёслолд оролцох юм байна.

Айлчлалын хүрээнд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу УИХ-ын дарга М.Энхболд,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана.