ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Билэгт: Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг хэвээр байлгая

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-18

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд гишүүд асуулт, асууж байр сууриа илэрхийлж байна.   

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх тухай хуулийг хэвээр нь байлгая. Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх гээд байгаа нь үнэндээ төрөөс болсон хэрэг. Тэд зах зээлд шилжихээс өмнө Монгол Улсад байсан бүх үйлдвэрүүдэд ажиллаж байсан. Гэтэл зах зээл гараад бүгд ажилгүй болж, гудамжинд хаягдсан. Тэдгээр хүмүүс л нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх гээд байгаа юм. Монголын хөдөлмөрийн насны иргэдийн 20 орчим хувь нь л хөдөлмөр эрхэлж байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг 2019 оны нэгдүгээр сарын 01 хэвээр нь байлгаач.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Нийгмийн даатгалын сан алдагдал ихтэй байна. Алдагдлыг бууруулах талаар арга хэмжээ авах чухал байна. Энгийн багш, малчин иргэд байгааг би сайн ойлгож байна. Гэвч энэ хуулийг ашиглан янз бүрийн сэдэлтэй хүмүүс орж ирж мөнгө аваад байгаа нь үнэн. Өршөөлийн хуулийн буянаар мөнгө угааж байгаа хүмүүс их байна. Маш их хэмжээний мөнгө нөхөн төлөөд байгаа хүмүүс байна. Би дургүйдээ ингээд байгаа юм биш. Монгол улсыг хөгжүүлэх эдийн засгийн зөв бодлогыг тодорхойлохын тулд ийм бодлого явуулж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Малчид бол Монгол Улсад маш том үүрэг гүйцэтгэж байгаа ард түмэн. Малчид монголын газар нутагт иргэн болж, махаар хангадаггүй байсан бол бид хаанаас махаа авах юм. Хятадаас авах уу?. Өвлийн хүйтэн, зуны халуунд малаа маллаж, хөдөлмөрлөж амьдардаг хүмүүс. Эд нарыгаа бид бүх талаар нь дэмжих хэрэгтэй байна.