ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсад айлчилж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-18

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэ үеэр  Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын  Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны Хөтөлбөрт гарын үсэг зурлаа.

Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.

Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, С.К.Шойгу нар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх ёслолд оролцсон юм.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхав.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг УИХ-ын дарга гардуулж өглөө.