ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЖДҮХС иргэдийн төслийг хуулбарлаж, дарга нарт зээл өгсөн үү

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-06

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос ЖДҮХС-гаас олгосон зээлийн эргэн төлөлтийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Хуралд тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон ЖДҮХС-д удаа дараа материалаа явуулсан хэдий ч сонгон шалгаруулалтад шалгарч чадаагүй үйлдвэрүүдийн төлөөллүүд оролцов. Төлөөллүүдийн хэлсэн үгийг тоймлон хүргэе.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр:

-“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” өнгөрсөн долоо хоногт хурал хийж Ерөнхий сайдад дөрвөн шаардлагыг хүргүүлсэн. Үүний нэг нь ЖДҮХС-гаас Төсөл сонгон шалгаруулах журамд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэсэн шаардлага юм. 2016 онд “Түр журам” гэж гарсан. Тэр журамд зээлийн хүү, хугацаа болон ямар ямар үйл ажиллагааны чиглэлд бодлогын зээл олгох вэ гэдэг нь маш тодорхой байсан юм.  Энэ журмыг 2017 оны зургадугаар сард ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн өөрчилж баталсан байдаг. Энэ нь өнөөдрийн ЖДҮХС-г тойрсон шударга бус үйл явдлын эхлэл болсон гэж үзэж байна. Тийм учраас бид даваа гарагт АТГ-т ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнг энэ журмыг батлахдаа өөртөө болон бусдад давуу байдал үүсгэж, өнөөдрийн шуугиан тариад байгаа асуудлын эхлэлийг тавьсан эсэхийг шалгуулахаар өгсөн байгаа. Мөн манай холбоо “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны долоон гишүүнийг шударга бусаар ЖДҮХС-гаас зээл авах нөхцөл байдал үүсэхэд хамгийн их нөлөөлсөн гэж үзэж байгаа учраас АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн.

2016 оноос ЖДҮХС-гаас олгох зээлийг арилжааны банкаар дамжуулж байсан. Гэтэл арилжааны банкууд дамжуулан зээлдэгчээр иргэдэд зээл олгосон атлаа эргээд иргэдийн төлсөн мөнгийг улсад тушаахгүй байгаа баримтууд байна. Жишээлбэл, 2011 оны арваннэгдүгээр сарын 07-нд ХХААХҮ-ийн яам нэгэн банктай зээлийн гэрээ хийсэн байна. Энэ зээлийн үлдэгдэл 28.688.787.573 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Аж үйлдвэрийн яам мөн банктай гэрээ хийж, 17.673.631.736 төгрөгийг олгосон байгаа. Гэтэл тэр арилжааны банк гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээхгүй, одоо хүртэл төрд 48.447.106.868 төгрөгийг өгөхгүй байсан тул 2017 оны аравдугаар сарын 10-нд, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гйүцэтгэгч, тухайн банкны ерөнхий захирал гурав гурвалсан гэрээ хийсэн байна. Энэ гэрээгээр тус мөнгийг жилийн долоон хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатайгаар тухайн банкинд төр зээлсэн байгаа юм. Төр нь өөрөө банкийг тэтгээд байна.

“Инахис” ХХК-ийн захирал Н.Мөнхбаяр:

-Манай үйлдвэр хүүхдийн тоглоомын резинен хавтанг үйлдвэрлээд 10 гаруй жил болж байна. Хаягдал дугуйг дахин боловсруулж, бутлаад 14 нэр төрлийн резинен хатанг үйлдвэрлэдэг . Манай үйлдвэр 2015 оноос хойш ЖДҮХС-гийн зээлд гурван удаа хүсэлт гаргасан боловч авч чадаагүй. Хамгийн сүүлд 2017 оны дөрөвдүгээр сарын 16-нд төсөл өгсөн. Одоогоор манай үйлдвэр цагт 150 дугуйг бутлах хүчин чадалтай байна.  Шатаахгүйгээр байгальд ээлтэй байдлаар буталдаг гэсэн үг. Зургаан жилийн өмнө хүчин чадлаа өндөржүүлэн цагт 300 дугуйг буталдаг болж, бүхий л резинэн бүтээгдэхүүнийг монголдоо хийх боломжтой үйлдвэрийг нээхийн тулд хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт өгсөн юм. Гэвч гурван жил дараалан бүтсэнгүй. Үйлдвэр байгуулснаас хойш 8 сая гаруй хаягдал дугуйг байгальд ээлтэй аргаар устгачихаад байна. Сайд, дарга нар манай үйлдвэрийг ирж үзээд өөрсдийнхөө ажлын үр дүн юм шиг харуулдаг. Эцсийн бүлэгт бидэнд нөлөөлөх нөлөөлөл байдаггүй. Гэрээ хийе, бүтээгдэхүүн аваач гэхэд авдаггүй.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Х.Удвалцэцэг:

 - Би Япон улсад боловсрол эзэмшиж ирээд өөрийнхөө сурсан зүйл, гадны орноор явж цуглуулсан туршлага, судалсан шинэ технолгио монголдоо нэвтрүүлэхээр мах, махан бүтээгдэхүүний компанийг байгуулсан юм. Энэ компанидаа ЖДҮХС-д төслөө өгч зээл аваад, Монголд байхгүй шинэ зүйлүүдийг хийе гэсэн үүднээс дөрвөн удаа төслөө өгөөд зээлд хамрагдаж чадаагүй. 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ХХААХҮ-ийн яамны гадаа дугаарлаад шөнийн 02:00 цагт өргөдлөө өгч байсан юм. Үнэхээр гэнэн байж. Тухайн үед өгч байсан миний төсөл жилийн дараа гэхэд өөр газар хэрэгжээд эхэлсэн. Гэтэл надад санхүүжилт ирээгүй, таны төсөл дэмжигдсэнгүй гэсэн хариу ирсэн. Жилийн дараа миний төслүүдийн санаа энд, тэнд мэр сэр гарч байлаа. Тиймээс би хатуу хэлэхэд ХХААХС-ийн яам гэдэг залуу бизнес эрхлэгчдийг төөрөгдүүлж, төсөл цуглуулдаг, төслүүдийн оршуулга болсон газар гэж хэлмээр байна.

Бид өөрийнхөө цуглуулсан хэдэн төгрөгийг зарцуулж гадагшаа явж олж авсан мэдлэг, туршлагаа тэдэнд дэлгэж, төсөл болгон бичиж өгдөг. Гэтэл түүнийг канондоод өөрийнхөө юмуу дарга сайдынхаа компанид тараачихдаг. Тэгээд түүндээ тэрбум, тэрбумаар зээл гаргаад өгдөг. Хамгийн сүүлд би наймдугаар сарын 03-нд өгсөн. Гэтэл дахиад л дэмжигдээгүй. Манай улс олон тооны малтай ч гэсэн эрүүл ахуйн шаардлага хангасан лаборатори, үйлдвэр байхгүй. Би “Олон улсын лаборатори, мал, мах бэлтгэл үйлдвэрлэлийн цогцолбор” гэдэг үйлдвэрлэлийн төслийг эхлүүлсэн юм. Үүнийхээ хүрээнд дөрвөн удаа төсөл өгөөд бүтсэнгүй. Монголын төр залуу хүмүүсээ дэмждэггүй юм байна. Залуучуудынхаа оюуныг худалдаж, дамлахаас өөрөөр хардаггүй юм байна гэдгийг ойлголоо. Гадаадын улс руу залуучууд яваад байгаа учрыг нь одоо л ойлгож байна. Залуучуудын зоригыг мохоож чаддаг юм байна. Зүрхийг нь үхүүлж чаддаг юм байна. Гэхдээ би зогсоогүй, банкнаас зээл аваад, олон нийтээс санхүүжилт босгоод үйлдвэрлэлээ явуулж байгаа. Дахиад би ХХААХҮ-ийн яам болон ЖДҮХС-гаас зээл авна гэж ширхэг цаас ч өгөхгүй. Бүх шинэ санаа төслөө өгөөд хуулбарлуулж ханалаа. Төр засагтаа үнэхээр гомдож байгаа. Миний хийсэн бүтээгдэхүүнийг Д.Эрдэнэбат гуай Аж үйлдвэрийн яамны сайд байх үедээ ирж үзээд “Энэ охины хийж байгаа бүтээгдэхүүнийг яалт ч үгүй дэмжих ёстой юм байна” гэж хэлээд зогсож байсан. Дэмжсэн нь хаана байна. Миний зорилго ЖДҮХС-гийн зээл биш учраас би ажлаа хийнэ, зорилгодоо ч хүрнэ.