ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сарангэрэл: “Виферон” лааг даатгалаас 80 хувь хөнгөлүүлэх гэж оролдсон учир сэрэмжлүүлэг хүргэсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-07

“Виферон” лааг ханиад хүрсэн бага насны хүүхдэд халуун бууруулах зорилгоор хэрэглэх нь учир дутагдалтай гэсэн мэдэгдлийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн нь нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаж буй. Тэгвэл энэхүү лааг оруулж ирдэг эмийн компани өнөөдрийн өдөр тутмын сонинд төлбөртэй мэдэгдэл гаргаж, Д.Сарангэрэл сайд ул үндэсгүй мэдээлэл өгсөн хэмээжээ.

Харин Д.Сарангэрэл сайд өнөөдөр Мэргэжлийн зөвлөл болон хүүхдийн эмч нар, ТББ, ЭМЯ, АХБ-ны төлөөлөлтэй хуралдаж “Виферон”-ы лааны эмчилгээний үр дүнгийн талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэж санал нэгтэй үзжээ. Тэрбээр, энэ талаар өөрийн цахим хуудсандаа “2016-2018 онд ЭМЯ-ны хүсэлтээр АХБанк санхүүжүүлэн олон улсын болон үндэсний эксперт, зөвлөхүүд, мэргэжлийн багийг оролцуулан " Улсын эмнэлгийн эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах. . ." төсөл хэрэгжүүлэх явцдаа эмчилгээний үр дүн нь нотлогдоогүй эмэнд эрүүл мэндийн даатгалаас ихээхэн санхүүжилт хийж байгаа тухай дүгнэлт хийж ЭМЯ-ны Эмийн хэлтэст өгсөн болно.

Вирусын эсрэг өргөн хэрэглэж буй энэ лаа нь хүүхдийн эмчилгээний удирдамжид ороогүй, ялангуяа томуугийн үед хэрэглэхгүй байх талаар хүүхдийн эмч нар, мэргэжилтнүүд бидэнд хэлж анхааруулсаар ирсэн. Энэ үед ЭМД-аас энэ лааны үнийг 80 хувь хөнгөлүүлэх оролдлого хийгдсэн учраас сэрэмжлүүлэг мэдээллийг салбарын сайд ,ЭМДҮЗ-ийн даргын хувьд олон нийтэд өгсөн билээ.

Үүнийг хувийн ашиг сонирхлын үүднээс мэдээлэл хийсэн мэт мушгин гуйвуулж буйд харамсаж байна. Надад эмнэлэг,эмийн сан,эм хангамжийн чиглэлд бизнес үгүй бөгөөд миний том ашиг сонирхол бол ард иргэдээ,тэр дундаа үр хүүхдээ өвдсөн үед нь чанартай,аюулгүй,өндөр үйлчилгээтэй эмээр хангах боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэ үүргээ биелүүлэхийн тулд мэргэжлийн баг хамт олонтойгоо бүхнийг хийх болно. Тэр дундаа эм ханган нийлүүлэх байгууллага, Эмийн холбоотой нягт хамтран ажиллана.

Хүний эрүүл мэнд ,амь настай холбоотой эмийн асуудалд бид онцгой анхаарах учиртай. Цаашид эмийн бүртгэл,зөвшөөрөл,хяналтын асуудлыг бодлогын яам бус олон улсын жишиг, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу бие даасан байгууллага эрхлэх шаардлагатай. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ЭМЯ хийж дууслаа. Эцэст нь эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийнхэндээ хандъя. Эмийн чанар, аюулгүй байдалд бид хамтдаа хяналт тавьж байж л үр хүүхдээ, өөрсдийгөө эрсдлээс хамгаална. Та бид хамтдаа зориглон хийхгүй бол өөр хэн нэгэн хийхгүй” хэмээжээ.