ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Юндэнбат: Ум марзай Монголын өв соёлын үнэтэй хэлбэр

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-12

Говьсүмбэр аймгийн “Боржигин” чуулгад энэ сарын 03-ны өдөр “Боржигин ум марзай” /гийнгоо/ эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Энэхүү хуралд “Ум марзай, гийнгоо, зээнгоон утга тайлал, ая дан” сэдэвт илтгэл тавьсан, Соёл судлалын ухааны доктор, СУИС-ийн Соёлын сургуулийн багш С.Юндэнбаттай ярилцлаа. 

-Ум марзай, гийнгоо, зээнгоо гээд яриад байх юм. Юугаараа ялгаатай юм бэ?
-Монголчуудын соёл дотор уухайлах, мал адгуустай харилцах харилцаа гэж бий. Тэр дотроо хурдан морь болон унаач хүүхдийн харилцаа гэж байдаг. Өөрөөр хэлбэл, уламжлалт аргаар хурдан морь болон унаач хүүхдийг хооронд холбох код бий болгожээ. Тэгэхдээ монгол туургатан даяар газар, газар  янз бүр. Ерөнхийдөө эхний гараа нь зээ гэсэн үг. Зэ гэдэг чинь за гэсэн үг юм. Цуглая, эхэлье гэсэн утгатай. Гийнгоо ч, ерөөл ч зээ гэж эхэлдэг. Уртын дууны эхэнд ч бас зээ гэдэг дээ. Энэ утгаараа зээнгоо гэж байж. З болон Г үсэг хоорондоо шилждэг ёс бий. Тиймээс зарим газар гийнгоо гэж нэрлэдэг. Харин Боржигин цэцэн вангийн хошууныхан ум марзай мам суухаа гэдэг тарнийг уянгалуулан ум марзайлдаг. Энэ Өндөр гэгээнээс зарлигтай, морь, хүүхдэд ээлтэй тарни. Энэ нутагт ум марзай мам суухаа гэдэг тарнийг хэлж, тодорхой ая данд оруулдаг. Тэр нь боржигин уртын дууны багасгасан хувилбар. Ингэж уянгалуулан дуулж байж морь хөнгөрдөг. Энэ тарнийг дуулж байж наадмын орчин бүрддэг. Боржигин түмэн ум марзай мам суухаа гэдэг тарни уншдаг болохоор ум марзээлэх гэж яриад байгаа юм. Бусад газарт гийнгоолох гэдэг. Газар газрын уяачдын, ард түмний өөр өөрсдийнх нь зөв. Тэр битгий хэл боржигин цэцэн вангийн хошуу дотроо олон отгуудтай байсан. Одоо ч гэсэн хэд хэдэн аймгийн нутагт хуваагдчихсан. Тиймээс ам марзай нь хүртэл өөр өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Аливаа зүйлийг нэг хайрцагт оруулж болохгүй. Хэчнээн олон янзын, жижиг жижиг хувилбартай байх тусмаа баялаг, олон төрөлтэй болдог. Бүх уулын тахилгыг яг адидхан хийдэг бол ямар ч сонирхолгүй биз дээ. Түүнтэй адил ум марзай ч гэсэн өөр өөр байх ёстой. Энэ нь тэр сумын, тэрний аялгуу байна гэж ялгаж байхад гэмгүй.

-Баруун болон төвийн аймгийн уаяачид, унаач хүүхдүүд гийнгоолдог. Тэгэхэд ялгаагүй л морины уяа орж, хөл нь хөнгөрдөг гэдэг. Гэтэл Боржигин нутагт заавал ум марзайлж л морины уяа орно, хөл хөнгөрнө. Гийнгоолж болохгүй гэсэн юм байх уу?
-Яг тэгж хэлж болохгүй. Гэхдээ л энэ нутгийн уламжлал, ёс заншил нь өөр. Морь, хүүхэд хоёрын хоорондоо харилцдаг код нь ум марзай гэсэн үг. Зарим газар Хаянхярваа бурханы зүрхэн тарнийг уншдаг. Хаана хаанаа сэтгэлийн засал болоод, өв соёлоо тээгээд явбал болно. Түүнээс биш, гийнгоо буруу, ум марзай зөв гэсэн юм байхгүй. Нутаг нутгийн өв соёл. Монголын өв соёлын үнэтэй хэлбэр. 

-Нутаг нутгийнхаа өв соёлыг тээгээд, өвлүүлээд, уламжлаад явахад л гол утга учир нь байна, тийм үү?
-Тийм ээ. Боржигин түмэн ум марзайлж байна гэдэг чинь Монголын адуутай холбоотой соёлын нэг сонин үзэгдэл шүү дээ. Өөр өөрсдийн­хөө адуутай, хурдан морьтой харилцах соёлоороо танигдаад, нэрийн хуудас болгож байвал сайхан. Ардын урлаг, соёлын өв баялаг, маш олон талтай. Нутаг нутагтаа өвлөгдөж, хам­гаалагдаж өдий хүрсэн. Түүнийгээ илүү сэргээж, өвлүүлж, хүүхэд багачууддаа зааж өгье гэж байгаа нь маш зөв. Ум марзайгаа боржигин түмэн хүүхэд багачууддаа өвлүүлээд, уламжлаад, сэргээн амилуулаад явбал монгол туургатныхаа өмнө гавьяа байгуулж байна. Монголын өв соёлд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Түүнээс биш төвийн аймгуудад байгаа уяач нар энэ тарнийг хэрэглэ, хүүхдүүд нь ум марзээл гэж байгаа хэрэг огт биш.  Энэ нутагтаа илүү дэлгэрүүлж, өв уламжлалаа сэргээхээр зүтгэж байгаа нь дэмжмээр үйл юм.