ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Энхтүвшин: ЖДҮХС-гаас зээл авах гэсэн олон хүн хохирч, орон байр, машинаа алдсан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-13

“Үндэсний мэдээллийн төв”-д өчигдөр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Энэ үеэр  Багануур дүүргийн үйлдвэрлэл эрхлэгч Н.Энхтүвшинтэй ярилцлаа.  

-Та ЖДҮХС-гаас зээл авах гэж байгаад хүнд залилуулж, өрөнд орсон юм байна. Чухам юу болсон талаар дэлгэрэнгүй яриач?

-Би Багануур дүүрэгт 2003 оноос эхлэн хувиараа бизнес эрхэлсэн. Торт, нарийн боовны цех ажиллуулж байсан юм. Үйлдвэрлэл амжилттай урагшилж байсан учир 2006 онд “Хас” банкны зээлд хамрагдаж, хоёр өрөө байр авч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор тохижуулж, ажилласан. 2008, 2009, 2010 онуудад удаа дараа ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт өгсөн. Гэвч  таны төсөл батлагдаагүй, барьцаа хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар хоёр татгалзсан хариу авч байсан. 2010 онд төсөл өгөхөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газр­ын Худалдаа үйлчилгээний хэлтсийн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг хариуцсан мэргэжилтэн О.Нямбаяр гэдэг хүн орон нутагт очсон. Төсөл өгсөн иргэдтэй болон аж ахуйн нэгжийн удирдлагатай уул­заж, ажлын байртай нь танилцахаар очсон юм. Тэр дагуу манай ажлын байртай очиж танилцаад “Таны бизнес дэмжихэд боломжтой юм байна. Барьцаа хөрөнгө чинь хүрэлцэхгүй байна гэсэн хариу аваад байгаа бол барьцаа хөрөнгийн батлан даалтад хамруулж өгье.

Та төслөө өгчих. Хамгийн гол нь бид төслийг дэмжчихээр буцаагаад мөнгөө төлдөггүй эрсдэл гардаг. Тийм учраас дундын дансанд хүсч байгаа зээлийнхээ 10 хувийг өнөө, маргаашгүй тушаачих гэсэн. 2010 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр дундын дансанд мөнгөө байршуул” гэж дансны дугаар өгсөн.  Тун яаралтай тушаах ёстой байсан болохоор хувь хүнээс өдрийн 1.5-2 хувийн хүүтэй мөнгө 14 хоногийн хугацаатай зээлсэн юм. “Зээл хэд хонож байж бүтэх вэ, би ийм эрсдэлтэй зүйл хийлээ шүү” гэж О.Нямбаярт хэлсэн. Гэтэл “Таны зээл хамгийн удаандаа 14 хоногт бүтнэ” гэсэн. Тэр үед таны зээл батлагдсан, санхүүжилт хүлээж байна гээд байсан. Гэвч явсаар 2010 оны наймдугаар сарын 3-ны өдөр О.Нямбаяр гэдэг хүн хил гараад явчихсан байсан юм. Надтай адилхан хохирсон хүмүүс Сэлэнгэ, Дархан, Баруунхараа, Улаанбаатараас байлаа. Тэдний зарим нь  О.Нямбаярыг барьж аваад, машиныг нь хүртэл авч, хохирлоо барагдуулсан байна лээ. Багануурынхан юу ч авч чадаагүй.  Тэр хүнээс болоод би мөнгө хүүлэгчдээс зээл авсныхаа гайгаар хүүнд 2010 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлээд 2011 оны долдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд 45 саяыг өгсөн. Үндсэн зээлд 29 сая төгрөг өгчихөөд байхад мөнгө хүүлэгч 13 сая төгрөг дутуу гэсэн. Тэгээд хоёр өрөө байраа өрөнд өгч, бизнесээ зогсоочихоод байж байна.

-ЖДҮХС-гаас зээл авах­ад дундын санд мөнгө байршуулна гэсэн журам байдаг юм уу. Юунд найдаж мөнгө байршуулсан юм бэ?

-Урьд нь зээл авсан хүмүүс мөнгөө төлөхгүй алга болчихдог. Тийм учраас эрсдэлээ тооцож дундын дансанд мөнгө авч байгаа. Зээлийн хэмжээний 10 хувьтай тэнцэх мөнгө хийгээрэй л гэсэн. Төрийн албан хаагч, зээл хариуцсан хүн тэгэхээр иргэд итгэхгүй яах вэ дээ. Гэтэл тэр өгсөн данс нь Дамдинпүрэвийн Ундрах гэдэг хүний нэр дээр байсан. Би 2010 оны дөрөвдүгээр сарын 12, 13, 16-ны өдрүүдэд цувуулаад мөн­гөө хийчихсэн.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг хариуцсан мэргэжилтэн О.Нямбаяр “Тамгын газраас зээл дэмжихэд үнэхээр хэцүү. Ерөнхийдөө таньдаг хүмүүстээ өгчихдөг. Яг бизнес хийж байгаа хүмүүсийг дэмжээд, зээлнд оруулаад өгөхөөр төлдөггүй. Тийм болохоор дансанд мөнгө байршуул” гэхээр би судалж үзэлгүйгээр хийсэн юм. Надаас гадна маш олон хохирсон хүн байгаа. Тийм болохоор гомдлоо барагдуулахын тулд сэтгүүлчдэд хандаж байна.  

-Та 18 сая төгрөг дундын дансанд байршуулсан гэж хэлсэн. 180 сая төгрөгийн зээл хүссэн гэсэн үг үү?

-Би эхлээд 80 сая төгрөгийн зээл хүссэн. Тэр мөнгөнийхөө 10 хувийг эхлээд байршуулсан. Гэтэл О.Нямбаяр гэдэг хүнтэй хамт ирсэн нэг албан хаагчийн дүү охин нь Багануурт байж таарсан. “Нэг хүн зээлийн хүсэлт өгсөн байсан. Хурлаар хэлэлцэх гэж байтал зээл авахаа больчихлоо. Ахиад 70 сая төгрөгийн төсөл хэрэгтэй байна, яг одоо хуралд оруулах гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би банкинд ажилладаг нэг хүнд хэлээд, өөрөө мөнгө нэмээд, өгсөн. Ингээд л 180 саяын зээл хүсч, түүнийхээ 10 хувь болох 18 сая төгрөгийг дундын дансанд байршуулсан юм.  

-Одоо танд үйлдвэрлэл үйлчилгээ явуулах тоног төхөөрөмж байгаа юу?

-Тоног төхөөрөмжөөс тод­орхой хэдэн зүйл үлдсэн. Гэхдээ ажлын байр байхгүй болохоор айлын гараашид хураачихаад л байж байна. Өөрийн гэсэн ажлын байраа алдсан болохоор өөр оффис түрээслэхээр дарамт ихтэй. Дээрээс нь нийгмийн даатгал, татварын дарамт байна. Тиймээс нэмж өрөнд ороод яахав гээд үйлдвэрлэлээ явуулахгүй байна даа.

-Шүүх, цагдаад хандсан нь мэдээж. Ямар шийдвэр гарсан юм бэ?

-2013 оны  арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлээд энэ оны долдугаар сар хүртэл шат шатны шүүхэд хандсан. Мөнгө хүүлэгч хүн шүүх, цагдаад танил тал ихтэй юм билээ. Тийм болохоор бүх шийдвэр түүний талд гарсан. Хамгийн сүүлд хяналтын прокурорт хандаад л орхисон. Үнэн юм гэж алга байна шүү дээ. О.Нямбаяр гэдэг этгээд 2010 оны наймдугаар сарын 3-ны орой 18:00 цагийн нислэгээр Бээжин явсан гэдэг мэдээлэл тухайн үедээ гарсан байдаг. Одоо болохоор хаашаа явсан талаар ямар ч мэдээлэл алга байна. 

-Тантай адил хохирсон хүмүүс байгаа гэсэн. Бас л эд хөрөнгөө алдсан уу?

-Надтай адил хохирсон маш олон хүн бий. Дэлгүүр ажиллуулж байсан нэг хүүхэн хөдөөнөөс мах, цагаан идээ зөөдөг байсан ачааны машинаа алдаад, ажиллуулж байсан дэлгүүрээ орхиод хөдөө явсан тохиолдол гарсан. н.Энхсайхан гэдэг залуу бас л машин унаагаа алдаад, сүүлдээ Тавантолгойд нүүрсний машин жолоодно гээд явсан. Гэх мэт маш олон тохиолдол байна.