ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар өргөдлөө өгнө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-15

УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардлаа. Тэрбээр  “Ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрийн дэмжих зориулалттай мөнгөнөөс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсан асуудлаар иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Зээл авсан төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж, бичиг захидал хүртэл олноор ирүүлж байна. Миний хувьд үүнийг шударга шаардлага гэж үзэж байгаа. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний аудитын газрын дарга таны нэр холбогдсон. Тиймээс та хариуцлага хүлээх ёстой. Энэ албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй гэж үзээд өргөдлөө өгөхийг шаардаж байна” гэсэн юм.

Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хамаарал бүхий компани, авсан зээлийнхээ талаар товч тайлбарлаад, “Иргэд олон түмний болон таны шаардлагыг хүндэтгэж байна. Ойрын үед өргөдлөө өгөх болно” хэмээн хэлсэн юм.