ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Ардчилсан нам Засгийн газарт орж ажиллана гэж байхгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-15

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн байдлаар өөр байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Энэ тар засаг чинь авлига, аллага, хулгай нүүрлэчихлээ. Асуудлаа нэг тийш нь болгох ёстой. Засгийн газрыг огцруулах хэрэгтэй гэдэг байр суурийг Ардчилсан нам удаа дараа илэрхийлсэн. Сүүлийн үед өрнөж байгаа эрх баригчдын дотоод асуудалд АН оролцохгүй байгаа. Яагаад гэвэл тэдний дотоод асуудал эцсийн цэгтээ хүрэхээс өмнө бид байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ байр өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа.

Бид 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага тавьж байсан. Энэ шаардлага ч гэсэн өнөөдөр хүчинтэй хэвээрээ л байгаа. Ард иргэд нийтээрээ төр засгийн үйл ажиллагаа болохоо больчихлоо гэж харж байна. Шударга бус байдал хэрээс хэтэрлээ. Энэ бүх шударга бус зүйлтэй хариуцлага тооцооч гэдэг иргэдийн шаардлага АН-ын илэрхийлж буй байр суурьтай нийцэж байгаа. Тийм болохоор бид бүлгийн хурал яаран хийгээд байх шаардлагагүй.

Засгийн газраа хэрхэх нь эрх баригчдын л асуудал. Хэдэн гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан нь сонин биш. Хариуцлага тооцох нь л чухал. Би нэг зүйлийг дахиад хэлье. 2016 оны сонгуулиар ард түмэн эрх баригчдыг үнэмлэхүй олонхи болгож, итгэл хүлээлгэсэн. Энэ итгэл өнөөдөр мөхөж байгаа нь тун харамсалтай. Гагцхүү эрх баригчдад өөрсдөд нь Монголын цаашдын хувь заяаг хэрхэх эрх байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Парламентын тогтолцоо ардчилсан монгол төрийг авч явах уу. Эсвэл хаантай болох уу.  Үгүй бол коммунизм руугаа буцаж ухрах уу гэдгийг сөрөг хүчний 9-хөн хүн шийдэхгүй ээ.  Үүнийг эрх баригчид өөрсдөө шийднэ гэдгийг хатуу бодож, анхаарлаа хандуулаасай.

29 жил ардчиллын замаар замнаж байгаа Монгол Улсад алдсан, оносон олон зүйл бий.  Тийм учраас Ардчилсан нам өөрсдийнхөө бүтээсэн үнэт зүйлийг өөрийн гараар устгана гэж байхгүй. УИХ тарах дээрээ тулах юм бол өөрөө тарах ёстой. Үндсэн хуулийнхаа хүрээнд. Түүнээс биш гадны шахалтаар, хэн нэгний тушаалаар тарж болохгүй. Харин бид ажиллаж чадахаа болилоо гээд нийт гишүүдийнхээ гуравны хоёрын саналаар тарахаар болбол. Цаашдаа парламентаа бэхжүүлээд явна гэвэл би тэр талд нь байна.

Засгийн газарт 9-хөн гишүүнтэй бүлэг хамтарна гэж байхгүй.  Нэгэнт ачаагаа үүрэх ёстой юм бол бариа хүртэл үүрч явж чадах эсэхээ эрх баригчид өөрсдөө л шийд. Би тийм байр суурьтай байна” хэмээлээ.