ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Хаянхярваагийн Засгийн газрыг огцруулах бичигт 17 гишүүн гарын үсэг зуржээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-15

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах шийдвэр нэгэнт гарсан билээ. Түүнийг огцруулах гэж байгааг урьдчилж мэдсэн эрхэм дарга түрүүлж нүүдэл хийж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг уриалж хурал хийсэн.

Харин дараа нь “Намайг ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд, сайд нартай хариуцлага тооц гэж хэлэхээр бүлгийн даргаас огцрууллаа. Би Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулна” хэмээн “өширхсөн”. Түүгээр ч үл барам Засгийн газрыг огцруулахад хангалттай олон гишүүн гарын үсгээ зурсан хэмээн мэдээлэл өгсөн юм.

Тэгвэл мань эр нохой арга хэрэглэж байгаа нь илэрчээ. Учир нь түүний Засгийн газрыг огцруулах бичигт 17 гишүүн л гарын зураад байгаа аж. Хэрвээ 19-20 гишүүн гарын үсгээ зурчихвал Засгийн газрыг огцруулахаар УИХ-д өргөн барих боломжтой юм. Одоо болтол огцруулах бичгээ өргөн барихгүй, хэвлэлээр хангалттай олон хүн гарын үсэг зурсан хэмээн чулуу хөөлгөж байгаа нь цаанаа учиртай аж.

17 гарын үсгэн дээр гацсан бүлгийн дарга асан зарим гишүүнтэй тохиролцоо хийе ч гэж хүртэл санал тавьж яваа сураг байна. Харин гишүүд Засгийн газраа огцруулахгүй, тогтвортой байдал хэрэгтэй гэдэг байр сууринаас асуудалд хандаж байгаа аж.