ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: АН-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-16

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, Ч.Улааныг  ХХААХҮ-ийн сайдаар томилохоор болж байгаатай холбогдуулан гишүүдийнхээ байр суурийг сонслоо. Хоёрдугаарт, Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хууль болон дагалдах хуулиудад Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьсан асуудлаар байр сууриа илэрхийлнэ. 

Эхний асуудлын талаар ямар байр суурьтай байгаагаа хэлье. У.Хүрэлсүхийн Засгийн газарт АН-аас 7 удаа Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох талаар. Мөн Засгийн газрыг бүхэлд нь огцруулах талаар шаардлага хүргүүлсэн. Энэ байр суурь өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа гэдгийг би өмнө нь хэлсэн. Хэрвээ УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцвэл АН-ын бүлэг дэмжинэ. У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж бид үзэж байгаа. 

Сүүлийн үед хэвлэлээр АН-ын бүлгийн талаар янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Тийм учраас бид бүлгийн хурлаа хийж, хариуцлага тооцно, огцруулахыг дэмжинэ гэдэг байр сууриа нэгтгэж, мэдээлж байна. ЖДҮХС-гийн хөрөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниудад авсан, ашиг сонирхлын зөрчилтэй хоёр сайд энэ Засгийн газарт ажиллаж байгаа.  Эдгээр сайдууддаа хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй. 

Хоёр дахь асуудлын тухайд, Ерөнхийлөгчийн төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг АН дэмжинэ.  2019 оны төсвийг батлах үед АН-ынхан байр сууриа тодорхой илэрхийлсэн.  Энэ төсөв 2019 оны Монголын эдийн засагт хамгийн өндөр эрсдэл авчрахаар болсон. Тиймээс төсвийг зайлшгүй эргэж харах ёстой.  Тийм учраас Ерөнхийлөгчийг хориг тавиач гэж уриалсан.  Харин Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа.  Ерөнхийлөгчийн хоригийг бид хүлээж авна.  Хэд хэдэн үндсэн шалтгаанууд байгаа.  Нэгдүгээрт, төсвийн зарлагыг хасах бүрэн боломжтой.  Хоёрдугаарт, хотын аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд тодорхой төсөв суусан байх ёстой гэдэг Ерөнхийлөгчийн санаачилгыг бид дэмжиж байгаа.

Ялангуяа хөдөө аж ахуйг хөгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд, дотоодын хүнсний үйлдвэрлэлийг бий болгоход төсөв мөнгө суулгах өгөх ёстой гэдэгт бид санал нэгдэж байна.  Түүнээс гадна, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангаас бусад сангуудын хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй.  Шаардлагагүй сангуудыг хаах ёстой гэж үзэж байна. Зураг төсөлгүй олон барилга, байшинд хөрөнгө оруулахаар болсон. Зураг, төсөлгүй оруулж ирсэн барилга байгууламжийн төсвийг 2019 оны төсвөөс хасах нь зүйтэй.  Төсөвт концессын болон төсвийн том хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн сургууль, цэцэрлэгүүдийг худалдан авах их хэмжээний мөнгө тусгасан байгаа.  Худалдан авах шүү. Энэ худалдан авалтуудыг эргэж зайлшгүй харах ёстой гэсэн тодорхой хэдэн байр суурийг илэрхийлж байна. Их хуралд эрүүл, саруул гишүүд байгаа бол Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих байх гэж найдаж байна” хэмээлээ.