ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЁС ЗҮЙ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙГ ӨӨГШҮҮЛЖ БОЛОХГҮЙ.

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-29

“Веритас Партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч Э.Хашчулуунтай ярилцлаа

-Өчигдөр Ёс зүйн дэд хорооноос болж чуулган хуралдсангүй. Ёс зүйн дэд хороонд танай Веритас партнерс хуулийн фирм болон хэд хэдэн иргэний нийгмийн байгууллага, бас иргэд өргөдөл гаргасан тул чуулганаас өмнө хуралдах ёстой боллоо гэж Ёс зүйн дэд хорооны дарга тайлбарласан. Заавал Ёс зүйн дэд хороо хуралдах шаардлагатай юу?

-Манай өмгөөллийн “Веритас Партнерс” ХХН хуулийн фирм 2018 оны 11 сарын 06–нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо болон эдгээр хороодын дарга, гишүүдэд хандаж ЖДҮДХСангаас ашиг сонирхлын зөрчил үүсгэн зээл авсан гишүүд болон сайд нарын асуудлыг хэлэлцэж санал дүгнэлтээ УИХ–ын нэгдсэн хуралдаанд оруулах хүсэлт гаргасан. Тэгээд ч иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд холбогдох байнгын болон дэд хороод 30 хоногийн дотор хуралдаж албан ёсоор хариу өгөх ёстой гэсэн заалт бий. Энэ дагуу бидэнд уржигдар буюу 2018 оны 11 сарын 28-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон Ёс зүйн дэд хороогоор дээрх асуудлыг хэлэлцүүлэхээр болсон тухай мэдэгдсэн. Тухайн асуудал эрхэлсэн байнгын хороод ийнхүү хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4, Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.1 - т заасны дагуу УИХ ерөнхий хяналтын сонсгол заавал явуулах үүрэгтэй л дээ. 

-Гишүүдийн ЖДҮХСангийн зээлд холбогдсон асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх тийм ач холбогдолтой гэж үү?

-УИХ бол Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой Үндсэн хуулийн институц. Гэтэл УИХ–ын өмнө ажлаа тайлагнах ёстой Засгийн газар болон түүний харъяа байгууллагуудад дурын нэг УИХ–ын гишүүн өөрийн нэрээр албан бичиг хүргүүлж өөртөө болон хамаарал бүхий этгээддээ ашигтайгаар нөлөөлөх оролдлого хийж байгаа нь УИХ–ын гишүүний ёс зүйд харш үйлдэл юм. УИХ-ын гишүүн төрийн байгууллага, албан тушаалтнаас дэмжлэг хүсч албан бичиг хүргүүлж болно. Гэхдээ хамаарал бүхий этгээддээ дэмжлэг хүсэх, нөлөөлөх нь ёс зүйн хэм хэмжээг шууд ноцтой зөрчсөн үйлдэл. Ёс зүйн асуудал хэлэлцэх нь гэм буруутай эсэхийг шүүх тогтоохоос огт тусдаа асуудал. Энэ талаар гадаад орнуудын сайн жишиг олон бий. Гэтэл ЖДҮДСантай холбогдсон зарим гишүүд гэм буруутай эсэхийг шүүх тогтоогоогүй байхад ёс зүйн асуудал ярих ёсгүй гэж мэдэгдэл хийж байгаа нь дэндүү увайгүй үйлдэл. Тэд гэмт хэрэг биш л бол ёс зүйгүй ямар ч үйлдэл хийж болно гэж ойлгоод байх шиг. Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа бухимдал, хямрал бол албан тушаалтны энэ муйхар бодлоос шалтгаалж байна. Зүй нь ёс зүйн хариуцлагыг заавал хүлээлгэх, цаашид сайн жишиг тогтоох, үүний дараа гэмт хэрэг мөн биш тухай асуудлыг шийдвэрлэх ёстой. Ёс зүйн дэд хорооны үндсэн чиг үүрэг нь УИХ–ын гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцэх замаар нийгэмд ёс зүйн хэм хэмжээ тогтоох явдал. Өөрөөр хэлбэл ёс зүйг ёроолдоо унахаас хамгаалах, ёс суртахуун дээрээсээ эхлэх учиртайг харуулах үүрэгтэй л дээ. Ач холбогдол нь ердөө энэ.

-ЖДҮ-д нэр холбогдсон сайд нар болон гишүүд өөрсөдтэйгөө холбоотой асуудлыг шийдэх хуралдаанд оролцох нь ашиг сонирхлын зөрчил мөн үү? эсхүл үгүй юу?

-Мөнөөр барах уу. Бүр хэд хэдэн ашиг сонирхлын зөрчил энд яригдана. Нэгдүгээрт, ЖДҮДСанд нэр бүхий гишүүд болон Засгийн газрын сайд нар албан тушаал, эрх мэдлээ ашиглан нөлөөлөх байдлаар хамаарал бүхий этгээдүүдэд зээл олгуулсан талаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 24 дүгээр зүйлийн 24.3, 20 дугаар зүйлийн 20.5, УИХ–ын 2009 оны №34 тоот тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний Ёс зүйн дүрмийн 3.-т тус тус зааснаар УИХ–ын гишүүн нь албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд ашиглахгүй байх, санхүү, худалдааны болон бусад ижил төстэй ямар ч хэлбэрийн хэлэлцээрт хөндлөнгөөс оролцохгүй байх, албан тушаалын эрхээ хууль бусаар ашиглахгүй байх үүрэгтэй. ЖДҮХСантай холбоотойгоор УИХ–ын гишүүд албан тушаалын хувьд ашиг сонирхлын зөрчил гаргасан байх маш өндөр магадлалтай учраас заавал Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэгдэж ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй эсэх талаар дүгнэлт гаргах ёстой.

Хоёрдугаарт, Улс төрийн албан тушаалтан ашиг сонирхлын зөрчил гаргасан талаар.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.11, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1,4, 11.1.5–д тус тус зааснаар УИХ–ын гишүүн, Засгийн газрын гишүүн нь төрийн улс төрийн албан тушаалтан болохынхоо хувьд өөрийн бүрэн эрхээ хувийн ашиг сонирхолдоо ашиглах, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө ашигтайгаар нөлөөлөхийг хориглосон. Энэхүү ашиг сонирхлын асуудлыг шийдвэрлэх, УИХ–ын чуулган болон тухайн асуудал эрхэлсэн байнгын хороодоор энэхүү асуудлыг хэлэлцүүлэхэд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн этгээд өөрийн хүсэлтээр оролцохгүй байх үүрэгтэй. Энэ талаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 91.1.6–д заасан. Хэрвээ уг асуудлыг хэлэлцэхэд тухайн этгээд өөрөө санал таслах эрхтэйгээр оролцсон тохиолдолд ашиг сонирхлын зөрчлөө үргэлжлүүлж байгаа ёс зүйгүй үйлдэл бөгөөд холбогдох хуулийг шууд зөрчсөн үйлдэл болно.

Гуравдугаарт, УИХ–ын гишүүний эрхийг хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа талаар. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ–д тайлагнаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ–ын өмнө хариуцах ёстой. Засгийн газрын бүрэлдэхүүнийг огцруулах асуудал нь Үндсэн хуулиар УИХ–д олгосон онцгой бүрэн эрх. Энэхүү эрхээ хэрэгжүүлэх ажиллагаанд Засгийн газрын гишүүд оролцох нь ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ. Зарим гишүүд Үндсэн хуулиа ойлгоогүй, хуульзүйн наад захын мэдлэггүйгээс болоод Засгийн газрын гишүүний хувиар бус УИХ–ын гишүүний хувиар чуулганд оролцож байгаа, УИХ гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа гэж тайлбарлаж байна. Зүй нь бол Үндсэн хуулийн зохицуулалт, үзэл санаа, эрх мэдэл хуваарилах онолын дагуу УИХ–ын гишүүн Засгийн Газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж байгаа тохиолдолд УИХ институцийнхээ хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавихад ашиг сонирхлын зөрчил үүсгэх учраас оролцохгүй байх ёстой л доо. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцийн маргаан шийдвэрлэж байсан тогтоолуудын агуулгаас харж болно.

-Саяхан УИХ–ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхэд Б.Батзориг гишүүн өөрөө оролцсон байсан. Үүнийг бас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үү?

-Тийм байлгүй яахав. Б.Батзориг гишүүн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудал дээр өөрөө санал өгч оролцсон нь ашиг сонирхлын зөрчил. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Тийм ч болохоор манай хуулийн фирм Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн УИХ–ын тогтоолын талаар Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргахаар ажиллаж байна. Гишүүд өөрсдөө ёс зүйгүй авирлачихаад бусдаас ёс суртахуун шаардах нь байж болшгүй хэрэг. Ёс зүй, ашиг сонирхлын ийм зөрчлийг хэрхэвч өөгшүүлж болохгүй.