ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН бодлогын манлайллыг хэрэгжүүлж эхэлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-12-05

Ардчилсан намын IX Их хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Хуралд нийтдээ 1000 гаруй төлөөлөгч оролцсон юм. Их хурлаар үзэл баримтлалын төслийг батлахаас гадна үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг батлах, улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай холбогдуулж мэдэгдэл гаргах, намын даргын улс төрийн илтгэлийг хэлэлцэх, 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлыг зохион байгуулах тухай зэрэг олон асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш Ардчилсан намын шинэчлэл эрчимтэй өрнөж, та бид гардан хэрэгжүүлж, хамтран зүтгэсээр ирлээ. Шинэчлэл бол тодорхой хугацаанд хийгээд дуусгадаг зүйл биш.  Шинэчлэл бол нэг сонгуулиар, нэг ялалтаар нэг мөр шийдэгддэг зүйл.

Шинэчлэл бол байнгын үйл явц, байнгын зүтгэл, байнгын хамтын ажиллагаа, байнгын хөдөлмөр бөгөөд урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалсан хүний эрх, эрх чөлөөний бүхий л үнэт зүйлсийг баталгаажуулах амьд үйл явц юм. Шинэчлэл өөрөө тодорхой зарчим, үзэл санааны шалгуураар байнга өрнөж байдаг, улс төрийн намыг амьд байлгадаг цусны эргэлт, оршин тогтнох үнэ цэнэ юм. Ардчилсан нам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрнөсөн шиг ийм далайцтай шинэчлэлийн эрс алхмуудыг өмнө нь хийж байсангүй. 2016 онд Ардчилсан нам УИХ-ын болон бүх шатны сонгуульд амжилтгүй оролцсон хэдий ч сөрөг хүчнийхээ үүргийг зөвхөн УИХ төдийгүй аймаг, дүүргийн ИТХ-ууд дээр маш амжилттай хэрэгжүүлж байна. Бид 2020 оноос эхлэн улс орны хэмжээнд цараатай ялалт, бодлогын манлайллыг хэрэгжүүлж эхэлнэ” хэмээн илтгэлдээ дурьдсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн З.Нарантуяа “АН-ын үнэт зүйл, үзэл баримтлал юу байх вэ гэдэг асуудлыг бид хэлэлцэж байна.

Өнгөрсөн 30 орчим жил АН-ын үзэл баримтлал ямар байсан, дараагийн шинэ хөгжлийн шатандаа ямар байх вэ гэдгээ тодорхойлох баримт бичгийн төслийг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд боловсруулаад бүх гишүүдээсээ саналыг нь аваад эцэслэн батална.  Дүрэмдээ зарим өөрчлөлт оруулна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АН-ын шинэчлэл амжилттай хэрэгжиж байгаа. Дүрмээ шинэчлээд байсан. Хоёр жилийн хугацаанд эргээд дүрмээ засах, янзлах олон зүйл байгаа нь харагдсан. Намын гишүүдийн зүгээс 3000 гаруй санал ирлээ. Ер нь АН өөрийнхөө бодлогыг маш тодорхой болгож байгаа. АН баруун төвийн үзэл баримтлалтай нам байна гэдгээ тодорхойлсон. Үндсэн таван түлхүүр бодлого баримтална. Түлхүүр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд ямар суурь зарчмуудтай байх. Суурь зарчмуудаа хэрэгжүүлэхийн тулд ямар бодлогуудтай байх тухай маш нарийвчилж тодорхой зааж өгч байгаа” хэмээн ярилаа.