ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-12-05

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагатай хэмээн үзэж, суулт зарласан дөрвөн гишүүнтэй уулзлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзав. Тэрбээр “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе гэж зургадугаар сард УИХ-ын 19 гишүүн бичиг ирүүлсний дагуу Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэх талаар хуулийн байгууллагаас хүсэлт авахад энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх боломжгүй гэсэн. Би бол хувийн зүгээс энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлыг эсэргүүцээгүй. Ер нь энэ “60 тэрбум” гэх асуудлаар бид нээлттэй сонсгол хийгээд энэ асуудалд цэг тавих цаг болсон. Ээлжит бус чуулган хуралдуулах талаар бичиг надад ирсэн. Хэрэв УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь гарын үсэг зурсан бол ээлжит бус чуулган зарлах боломжтой байдаг.

Тэр бичиг 22 гишүүн гарын үсэг зурсан байдаг. УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэд хандсан байгаа.  Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн эсэх шийдвэр гаргасны дараа энэ асуудлыг би хуулийн дагуу хүлээж авахад бэлэн. Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж бодохгүй байна. Цаашид та бүхэн асуудлыг үнэн бодитой байдлаар нь олон түмэнд мэдээлж байгаасай. УИХ-ын даргыг огцруулах тухай Үндсэн хуульд таван шаардлага байдаг. Энэ хуулийн зүйл заалтыг дагуу бодитой асуудал үүсвэл би УИХ-ын даргаасаа огцроход бэлэн. Гол нь бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. УИХ-ын чуулганы хуралдаан тодорхой ирц хүрч, хуралдаж байгаа. Та бүхний тавьж байгаа шаардлагыг хуулийн дагуу үндэслэл, шаардлагаа дурдаж, албан бичиг үйлдэж тавиасай гэж хүсч байна. Чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй, бусад гишүүдээ уриалсан байдлаар хуралдаануудыг саадгүй явуулах бололцоог бүрдүүлэх чиглэлд ажиллаасай гэж хүсмээр байна гэсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ:

-УИХ-ын нэр бүхий гишүүд улс төрийн хүрээнд үүсээд байгаа асуудлаар ээлжит бус чуулган зарлахыг өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд хүссэн.  Нийтийн сонсголын хуулийн дагуу БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцын талаар нээлттэй сонсгол хийх хүсэлт тавьсан ч та энэ шаардлагыг хүлээж аваагүй. Таныг Үндсэн хууль зөрчиж байна гэж бид үзэж буй. УИХ тарах хэмжээнд хүрэх ийм нөхцөл байдал үүсээд байна. Та ирэх даваа гараг буюу энэ сарын 10-ны өдрийг хүртэл таныг өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байна.

Ж.Батзандан:

-Бид хаврын чуулганы завсарлагааны хугацаанд ээлжит бус чуулган зарлахыг удаа дараа шаардсан. УИХ-ын дарга өөрийн хүслээр чуулганд орж, хуралдаа сууж байна. Та өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын суудлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг хүсэж байна. Хэрэв та өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхгүй бол УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүд ард иргэдтэйгээ хамт тэмцэж эхэлнэ.